НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл газар хөдлөлтөд нэрвэгдсэн Гаитийн бүгд найрамдах улсад энхийг сахиулах хүчний бие бүрэлдэхүүнийг нэмэх тогтоолыг өнөөдөр батална. Байгалийн гамшиг тохиохоос өмнө тус улсад НҮБ-ын 9 мянган энхийг сахиулагч байсан, одоо тэнд нэмж НҮБ-ын 3,5 мянган цэрэг, цагдаагийн ажилтнууд илгээхийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун өчигдөр зөвлөсөн юм. Гаитид нэмж ирэх цэрэг, цагдаагийн анги нэгтгэлүүд хүнс, янз бүрийн ачааг хамгаалж, хүмүүнлэгийн ажиллагаанд оролцож байгаа НҮБ-ын ажилтнуудын аюулгүй байдлыг хангана.  Долоо хоногийн өмнө тохиосон байгалийн гамшигт батлагдаагүй мэдээгээр 200 мянга орчим хүн амь насаа алджээ. Гудамжинд олон хүний цогцос байна. Порт-о-Пренс хотын 3 сая оршин суугчийн 90 хувь нь орох оронгүй болж, гадаа хонож байна. Хотын дэд бүтэц бүрэн сүйджээ. Хутга, мод шийдэм барьсан тонуулчид, шоронгоос зугтсан гэмт этгээдүүд хотод эмх замбараагүй байдал тогтоож байна. Хууль сахиулах байгууллагууд гудамжинд гарч байгаа гэмт хэргийг таслан зогсоож хүчрэхгүй байна. Бүрий болмогц буун дуу гарч байна. Байшин барилга нурж, дэлгүүрийг тоносон бөгөөд НҮБ-ын ажилтнуудад халдаж, агуулах тонохыг оролдсон тохиолдол гарчээ. Цагдаагийнхан аргагүй тохиолдолд гал нээж байна. Хотын оршин суугчид барилгын нурангийг зайлуулж, амьд үлдсэн хүмүүсийг хайж байна.  Орос улс зэрэг 30 гаруй орон байгалийн гамшигт нэрвэгдсэн тус улсад аврах баг, эмч нарын баг, эм, хүнс илгээсэн байна. Оросын Ил-76 тээврийн нисэх онгоцоор Гаитид ачаа хүргэх латин Америк болон Их Британийн хүсэлтэд Орос улс нааштай хариу өгсөн. Гадаад ертөнцтэй харилцах цорын ганц суваг болох Гатитийн нисэх буудал нисч буух ганц зурвастай тул хүмүүнлэгийн ачаатай олон нисэх онгоц хотын дээгүүр нисч, ээлжээ хүлээж байна. Нисэх буудал болон тэнд овоорсон хэдэн мянган тонн ачааг АНУ-ын тэнгисийн явган цэргийнхэн хамгаалж байна. Өнгөрсөн хэд хоногт олон замыг цэвэрлэсэн тул ачааг шаардлагатай хүмүүст хүргэх найдвар төрж байна. Үүнээс гадна хоёр, гурав хоногийн дараа газар хөдлөлтөд сүйдсэн тэнгисийн боомт ажиллаж эхэлнэ. АНУ үүнийг хүлээлгүй даваа гаригаас нисэх онгоцноос устай уутыг шүхрээр буулгаж байна. Энэ тонуулчдын гарт орохгүй гэх баталгаа байхгүй юм. Өнгөрсөн хоёр хоногт оросын аврагчид дахин хоёр хүнийг Порт-о-Прес хотын эвдэрсэн барилгын нуранги дороос гаргажээ. Онц байдлын яамны мэдээгээр оросын аврагчид олон улсын ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 8 хүний амийг аварчээ. Порт-о-Пренс хотын цагдаагийн академид байрлаж байгаа оросын хээрийн эмнэлэгт Гаитийн 200 гаруй хүн хандсан байна. Академийн нутаг дэвсгэрт гэмтэл, сэхээн амьдруулах хэсэг, мөн хүүхдүүдтэй ажиллаж байгаа сэтгэл зүйчдийн тусдаа хэсэг байна. Оросын орчуулагчид эмч нарт тусалж байна. Тэнд ажиллаж байгаа эмч нар бүгд англи хэлтэй боловч, Гатийнхан францаар ярьдаг байна. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн тус аралд Европын Холбоо 400 сая евро, харин Доминиканы бүгд найрамдах улсын ерөнхийлөгч Леонель Фернандес Гаитид жил бүр 2 тэрбум доллар хуваарилах олон улсын сан байгуулахыг санаачилжээ. Урьд байгаагүй их уршигтай газар хөдөлснийг үл харгалзан Гаитийн ерөнхийлөгч Рене Преваль гайхалтай хөшүүн байгаа тухай өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичиж байна. Газар хөдлөлтийн дараа тэрээр олон нийтэд хандсан ганц ч мэдэгдэл хийгээгүйн дээр гамшигт нэрвэгдэгсэд байгаа НҮБ-ын эмнэлэгт ердөө нэг удаа очсон байна. Үүний зэрэгцээ гудамжинд жимсний худалдаачид бий болох зэргээр байдал хэвийн болж байгаа анхны шинж тэмдэг ажиглагдаж байгаа тухай Порт-о-Пренст ажиллаж байгаа гадаадынхан мэдээлж байна. Тонуулчдын халдлага буурсан тул хүнс хуваарилахад амар байна гэж хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд ярьжээ.