0Олон мянган хүний аминд хүрч байгаа байгалийн гамшгаас үүдэн дэлхийн хамтын нийгэмлэг гамшгаас сэргийлэх янз бүрийн арга эрэлхийлж байна. Энэ өдрүүдэд Сиангапурт болж байгаа Ази-Номхон далайн парламентын форумын 18 дахь чуулганд оросын тал энэ бүс нутагт байгалийн гамшгийг сэрэмжлүүлэх нэг ёсны тойрог бүс, дэлхийн систем байгуулахыг санаачилсан тухай манай сурвалжлагч Лада Коротун дамжуулж байна. Ази Номхон далайн парламентын форумын чуулганы үеэр мэдээж хэрэг Гаитийн байдал, хөнөөлт газар хөдлөлтөд өртсөн хүмүүст тусламж үзүүлэх асуудал анхаарлын төвд байлаа. Ази Номхон далайн бүс нутгийн орнууд ойрын ирээдүйд байгалийн цуврал гамшигт өртөж магадгүй хэмээн парламентын форум дахь оросын төлөөлөгчдийн гишүүн, байгалийн нөөцийн асуудал эрхэлсэн хорооны дарга Виктор Орлов “Оросын дуу хоолой” радиогийн сурвалжлагчид мэдэгдэв. Индонез, Филиппин, Хятад улс хамгийн их эрсдэлтэй байна гэж тэр хэллээ. Индонезид дунджаар 10 жилд нэг удаа, мөн Филиппинд хэдэн арван жилд нэг удаа болдог галт уулын дэлбэрэлтийн үеэр хэдэн зуун мянган хүн үрэгдэж магадгүй байна. Эрэг орчмын нам дор газар тухайлбал Бангладешт оршин суугаа олон сая хүн цунами, үер, хар шуурга, газар хөдлөлтөд өртөх аюултай байна. Хүн төрлөхтөн хараахан байгалийн гамшгийг зайлуулах аргагүй байна. Гэхдээ газар зүйн ямар цэгт байгалийн гамшиг тохиох, гамшиг тохиох нарийн хугацааг таамаглах боломжтой байна. Хамгийн гол нь нүүрлэж буй аюулын талаар хүмүүст цаг алдалгүй сэрэмжлүүлж чадвал олон хүний амийг аварч, хүний амь эрсдэхгүй ч байж болно. Хамгийн том ч байсан нэг орны мэдээллээр газар хөдлөлт болон цаг агаарын ганц ч таамаг хийх аргагүй. Үүнд ашиглах ажиглагчийн сүлжээнээс гадна технологи, олон улсын оюуны нэгдэл байх нь чухал хэмээн Виктор Орлов тэмдэглэв. Орос улс цаг уурын огцом өөрчлөлт, цунами, газар хөдлөлт, үер зэрэг байгалийн гамшиг, байгалийн аюултай үзэгдлийг таамаглах салбарт олон улсын хамтын ажиллагааг зохицуулахыг санаачилсан юм. Бидэнд шилдэг бүтээл бий. Газар хөдлөлт, үер, шуурга зэргийг таамаглах манай оросын ноу-хауд газар дээрх, газар доорх, суурин, нүүдлийн ажиглалтын цогц станц багтдаг. Кавказ, Саян болон Алтай, Алс Дорнодод энэ систем маш сайн ажиллаж байсан. Энэ баазад тулгуурлан бид Ази Номхон далайн газар хөдлөлтийн идэвхтэй тойргийн дагуу таамаглах ажиглалтын станцын нэгдсэн сүлжээ байгуулахыг санал болгож байна. Дэлхийн байгалийн гамшгийг шуурхай сэрэмжлүүлэх төвийн мэдээллий нэгдсэн баазыг ашиглах Аюулгүй байдлын дэлхийг хамарсан бүс байгуулснаар Номхон далайн сав газар болон Азийн орнуудын байдал дээшилнэ гэдэгт Виктор Орлов итгэлтэй байна. Хэт хүчтэй компьютер хамгийн гол нь хэдэн арван жилээр хуримтлагдсан эрдэмтдийн мэдлэгийг ашиглан дэлхийн бөмбөрцөгийн ямар хэсэгт шуурга, цунами эсвэл газар хөдлөлт болохыг цаг алдалгүй нарийн тодорхойлох боломжтой. Дэлхийг хамарсан геофизикийн энэ мониторинг цаг агаарыг таамаглах хуучирсан системтэй улс орон хүртэл нүүрлэж буй байгалийн гамшгийг талаар цаг алдалгүй мэдээлэл авах боломжтой.