1-р сарын 17-нд болох Украины ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд орох нэр дэвшигч бараг тодорлоо. Виктор Янукович, Юлия Тимошенко нар энэ шатанд өрсөлдөх төлөвтэй. Асуудлын гол нь санал хураалтын дараа байдал хэрхэн өрнөх тухай байна. Киев олон нийтийн эсэргүүцлийн талбар болон хувирах уу? Төрийн дээд албан тушаалд нэр дэвшсэн 18 хүний олонхийн мэдэгдлээс үзэхэд ялагдсан тохиолдолд сонгуулийг будлиантуулсан хэмээн зарлаж магадгүй байна. Тэгээд ч зарим улс төр судлаачдын хэлснээр саналын хуудсын 10 орчим хувийг будлиантуулж магадгүй тухай хэлж байна. 2004 онд ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр болсон үйл явдал давтагдахаас сэргийлэн Киевт Майдан Незалежност буюу Тусгаар тогтнолын талбайд олон нийтийн арга хэмжээ зохион явуулахыг хориглосон шүүхийн хориг хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Хориг 2-р сарын 5 хүртэл буюу 2-р сарын 7-нд хоёр дахь шатны сонгууль хүртэл үргэлжилнэ. Харин тус улсын тэргүүлэх улс төрчид энэ өдрүүдэд нэлээд зөрчилтэй мэдэгдэл хийж байна. Украины бараг бүх тэргүүлэх улс төрч сонгуульд оролцож байна. Ерөнхийлөгч Виктор Ющенко олон нийтийг хамарсан жагсаал цуглааныг хориглохыг дэмжжээ. Тэрээр таван жилийн өмнө үүний ачаар засгийн эрхэнд гарсан юм. Харин одоо тэр “эмх замбараагүй байдал гаргуулахгүйн тулд өөрөөс хамаарах бүхнийг хийнэ” хэмээн амлаж, асуудлыг ардчилсан замаар шийдэхийг уриалжээ. Үүний зэрэгцээ Виктор Ющенко Майданаас 200 метрийн зайд орших Киевийн Европын талбайд жагсаал цуглаан хийхийг ард түмэндээ зөвлөв. Засгийн газрын тэргүүн Юлия Тимощенко сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион явуулахаа нуухгүй байна. Бүс нутгийн намын удирдагч Виктор Янукович өөртөө итгэлтэй байгаа тул олон нийтийн жагсаал цуглаан зохион явуулах тухайд ямар нэг мэдэгдэл хийсэнгүй. Гэхдээ түүний нам олон нийтийн жагсаал цуглаан явуулах өргөдлөө урьдаас өгчээ. Иргэний нийгмийн асуудлыг судлах төвийн захирал Украины шинжээч Виталий Кулик Киевт “Майдан-2004” шиг үйл явдал болохгүй гэж үзэж байна: Украинд Майданыхтай төстэй ямар ч үйл явдал давтагдах боломжгүй гэж би үзэж байна. Учир нь өнөөгийн улс төрчид улс орны бүхнийг тэр дундаа иргэний санаачилгыг хүртэл хахуульдсан юм. Олон нийтийг хамарсан жагсаал цуглааныг одоо зөвхөн мөнгөөр зохион байгуулдаг болсон. Жагсаал цуглаанд жинхэнэ сэтгэлээсээ оролцож байгаа иргэд байхгүй. Тимошенко болоод бусад нэр дэвшигчдэд “Майдан-2004”-тэй төстэй арга хэмжээ зохион явуулах хэмжээний дэмжигчид байхгүй болов уу. Өдөөн хатгагч ямар нэг бүлэг гарч ирж болох ч, энэ нь шинж байдал, сэтгэл санаа, Украины иргэдийн ойлголтын хувьд ч Майданыхтай төстэй байж чадахгүй. Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр тодорхой улс төрчдийн жинхэнэ дуу хоолой мөн эсэх тухай өөр нэг асуудал урган гарлаа. Нэр дэвшигчдийг дэмжсэн дуу хоолой бус Украиныг өдөөн хатгасан өнгө аястай дуу хоолойны бичлэгийн тухай ярьж байна. Гүржээс сонгуулийн ажиглагчийн хувиар сонгуулийн явцыг тасалдуулах зэвсэгт этгээдүүд Украинд ирэх гэж байгаа тухай ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Михаил Бордский пүрэв гаригт мэдэгдэв. Украины ерөнхий сайд Юлия Тимошенко шиг адилхан дуу хоолойтой эмэгтэй мөн Гүржийн ерөнхийлөгч Михаил Саакашвилитэй төстэй дуу хоолойтой эрэгтэй хүнтэй утсаар ярьж байгаа бичлэгийг Бродский сэтгүүлчдэд сонсгосон юм. Украинд олон улсын ажиглагчийн хувиар ирэх ёстой Гүржийн тусгайлан сургаж, бэлтгэсэн зэвсэгт этгээдүүдийн оролцоотой сонгуулийн үйл явцыг тасалдуулах тухай яриа байв. Тимошенко болон Саакашвилийн төлөөлөгчид энэ мэдээллийн талаар ямар нэг тайлбар хийгээгүй байна. Үүний зэрэгцээ 1-р сарын 14-нд Гүржээс Донецк хотод ерөнхийлөгчийн сонгуульд олон улсын ажиглагчийн хувиар ажиллах 152 хүн ирсэн тухай Бүс нутгийн намын депутат Елена Бондаренко хэлж байна. Харин тэдэнд холбогдох баримт бичиг байгаагүй аж. Олон улсын ажиглагчид хэмээн нэрийдсэн энэ хүмүүс 25-45 насны эрэгтэйчүүд байна. Удаан ярилцаж, шалгасны дүнд тэд Украинд хувийн зорилгоор ирсэнээ мэдэгдэв.
Энэ хэргийн бүх үнэн мөнийг Украин олж мэдэхгүй гэж манай шинжээч Виталий Кулик үзэж байна.  Гүржийн ажиглагчид хэмээн нэрийдсэн хүмүүс ирсэн тухайд одоо хэн ч эргэлзэхгүй байна. Тэд Донецкт ирсэн энэ бол баримт. Тэдний мэдэгдэл, үйлдэл сонгуулийг тасалдуулахад чиглэсэн эсэхийг холбогдох байгууллагууд шалгаж, шийдвэрлэх учиртай. Миний бодлоор тэд хэзээ ч үүнийг хийхгүй. Тимошенко Саакашвилийн тусламж, мөн түүний “гүржийн ажиглагчдыг” ашиглах бодолтой байсан тухай нэг ёсондоо “мэдээллийн зэвсгийн” тухай л энэ тохиолдолд ярих байх. Энэ нөхцөлд украины сонгогчид улс орон 2010 оны төсөвгүй байгаа, бензиний үнэ нэмэгдэх тухай мэдээллийг хэт хурц хүлээж авахгүй байна. Тухайлбал 2009 оны инфляц 15,9 хувьтай багаа тухай Улсын статистикийн албаны мэдэгдэл, эсвэл “цаг агаарын хүнд байдлын” улмаас хотын усны хангамж тасалдаж магадгүй тухай Киевийн усны сувгийн газрын анхааруулгыг ч ажрахгүй байна. Энэ бүхнийг энгийн иргэд төдийгүй төр засгийн төлөөлөгчид ч анхаарахгүй байгаа мэт санагдаж байна.