Эрхэм радио сонсогчид оо! “Оросын дуу хоолой” радиогоор “Манай шуудангийн хайрцаг” долоо хоног тутмын нэвтрүүлгийг дамжуулж байна. Уламжлал ёсоор захидлын тоймоо танилцуулъяа. Орхон аймгийн Эрдэнэт хотын инженер-технологич Е.Магсаржалам манай нэвтрүүлгийг сонирхон сонсдог байна. Манай радиогийн нэвтрүүлгийг олон янз, танин мэдэхүйн ач холбогдолтой хэмээн тэр тэмдэглэжээ.  Дархан хотын сонсогч Г.Дорж 60 гаруй жилийн турш манай нэвтрүүлгийг сонсож байна. “Та бүхэн орос орны шинжлэх ухаан, техник, эдийн засгийн салбарт гаргасан амжилт, оросын ард түмний амьдралын улс төр, нийгмийн янз бүрийн талыг өгүүлж байгаа нь сайхан хэрэг” хэмээн тэр бичжээ. Бид Баянхонгор аймгийн оршин суугч С.Үнэнбуянаас захидал хүлээж авлаа. Түүнд манай нэвтрүүлэг их таалагддаг байна. Манай нэвтрүүлэг мэдээлэл сайтай, их сонирхолтой гэж тэрээр үнэлжээ.  Улаанбаатар хотын сонсогч Ж.Наранцэцэг электрон шуудангаар захидал илгээсэн байна. Тэрээр манай нэвтрүүлгийг интернетээр сонсдог байна. “Оросын дуу хоолой” радио гайхалтай радио хэмээн тэрээр бичжээ. Өвөрхангай аймгийн Сант сумын оршин суугч П.Дүвжир, Хөвсгөл аймгийн Хатгал сумын оршин суугч Ц.Цэндсүрэн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Б.Жавкан нар орос-монголын харилцааны талаарх нэвтрүүлэг их сонирхолтой болохыг тэмдэглэжээ.  Эрхэм сонсогчид оо, “Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийн талаар сэтгэлийн үгээ хэлсэн та бүхэнд талархаж байна. Бид нэвтрүүлгээ ая дуугаар үргэлжлүүлж байна. Завхан аймгийн М.Цэндийн хүсэлтээр Клавдия Шульженкийн дуулсан “Цэнхэр алчуур” дууг хүргэе. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлж байна. Дорнод аймгийн С.Төрбат “Орос, Монголын хилийн Монд-Ханх автомашины шалган нэвтрүүлэх боомт хэзээ олон улсын статустай болох вэ?” хэмээн асуужээ.  Улсын хилийн асуудал эрхэлсэн Холбооны агентлаг, мөн Орос улсын Гадаад хэргийн яамны энэ асуудал эрхэлсэн төлөөлөгчид өнгөрсөн оны адагт Улаанбаатар хотод монголын холбогдох албаны хүмүүстэй уулзсан юм. Оросын төлөөлөгчид Хилийн шалган нэвтрүүлэх боомтын талаар мэдээлэл солилцож, хамтран ажиллах тухай яамд хоорондын хэлэлцээрийн төслийг монголын талд дамжуулсан юм. Төслийг дотооддоо хэлэлцсэний дараа талууд нот бичиг солилцоно. Байгал, Хөвсгөл нуурыг холбодог 200 км замд орших Монд-Ханхын автомашины гарцыг 1950-аад онд байгуулсан юм. Шалган нэвтрүүлэх цэгийн хөрөнгийг өнгөрсөн оны 11-р сард Орос улсын хилийн асуудал эрхэлсэн Холбооны агентлагийн мэдэлд шилжүүлснээр үүнийг шуурхай удирдах эрхтэй болжээ. Агентлагийн төлөвлөгөөнд дурдсанаар шалган нэвтрүүлэх боомтоор хоногт 200 тээврийн хэрэгсэл /ачааны 140 машин, хөнгөн автомашин 50, автобус 10/ нэвтрүүлнэ. Монголын төр засаг Ханхын хил болон гаалийн хяналтын орчин үеийн барилга барьсан байна. Монд-Ханх автомашины шалган нэвтрүүлэх боомт барих төслийн баримтыг боловсруулсан гэж Орос улс Улсын хилийн асуудал эрхэлсэн Холбооны агентлаг мэдээлжээ.
Байгал, Хөвсгөл нуурын нөөцийг нэгтгэсэн “Байгал-Монголын Ази” төслийн үзэл санаатай холбогдуулан олон улсын гарц нээх асуудлыг Эрхүүгийн аялал жуулчлалын салбарынхан өргөн хүрээнд хэлэлцэж байна. Буриадын аялал жуулчлалын компаниуд Хятад, Монгол, Орос улсын саналыг уялдуулсан “Их цайны зам” төслийн хүрээнд дээрх төслийг судалж байна. Олон улсын статус бүс нутагт янз бүрийн ач холбогдолтой байна. Санал асуулгад хамрагдсан Эрхүүгийн шинжээчид энэ гарц олон улсын статустай болох тухайд зөвхөн нааштай талыг харж байна. Монголын нуурыг харах боломж бүрдэснээр гадаадын жуулчдад чиглэсэн хөтөлбөрийг өргөжүүлнэ.  Ямартаа ч, Байгал нуурын эрэг дээрх байгууллагууд гарцаар дамжуулах бүтээгдэхүүнээ хамтран боловсруулбал шалган нэвтрүүлэх боомтын олон улсын статус нь хоёр бүс нутгийн дэд бүтцийн хөгжилд эергээр нөлөөлөх учиртай. Жуулчдын цуваа ч татрахгүй.  Дахин завсарлага авч, Чойбалсан хотын сонсогч Шагдарын хөгжмийн захиалгыг биелүүлье. Тэрээр нэвтрүүлгээрээ Москва хотын тухай дуу дамжуулахыг хүссэн юм. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ Тувад гэр хийж эхэлсэн тухай мэдээллээр үргэлжлүүлье. Чадан дахь “Гэр” Улсын нэгдсэн үйлдвэрийн баазад ноосны анхан шатны боловсруулалт хийх, мөн эсгий үйлдвэрлэх жижиг цех нээлээ. Мод боловсруулах, модон эдлэл үйлдвэрлэхэд мэргэжсэн байгууллага ажиллаж эхэлснээр орон нутгийн материалаар хийсэн гэрийг хэрэглэгчдэд нийлүүлнэ. Чаданд үйлдвэрлэсэн гэрийн эсгий хучлагыг Монголоос авчирдаг байсан тул үнэ нь нэмэгддэг байв. Хөдөө аж ахуйг дэмжих улсын хөтөлбөрийн хүрээнд тус бүгд найрамдах улсад дахин боловсруулах хоёр дахь жижиг цехийг Зун-Хемкинскийн хошуунд нээжээ. Тувагийн өмнөд хэсэгт орших хилийн Эрзин хотод шинэ жилийн өмнөхөн арьс элдэх цех нээсэн байна. Тувагийн бүгд найрамдах улсын тэргүүн Шолбан Кара-оол тус бүгд найрамдах улсын Хөдөө аж ахуйн яаманд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах сүлжээ үйлдвэр байгуулах зорилт тавьжээ. Тус бүгд найрамдах улсын малчдын үйлдвэрлэж байгаа хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн борлуулалт сайнгүй байгаагаас ийм зорилт дэвшүүлжээ. Тус бүгд найрамдах улсад жил тутам 900 тонн ноос самнадаг. Хонины ноосны ердөө 20 хувийг Черногорын үйлдвэрт анхан шатны боловсруулалтад өгдөг байна. Черногорын үйлдвэр сүүлийн үед бүтээгдэхүүн нь сайн борлогдохгүй байгаагаас санхүүгийн бэрхшээлд орж, түүхий эд худалдан авахад хүнд байна. Хөнжил, эсгий гутал, мөн өвлийн хүрэм хийхэд боловсруулсан ноос зэрэг хонины ноосоор хийсэн дулаахан, экологийн цэвэр бүтээгдэхүүн захиалдаг уламжлалтай батлан хамгаалах салбар одоо хямд синтетик бүтээгдэхүүн авах болжээ. Тувагийн бүгд найрамдах улс, мөн тус үйлдвэрийн хамтарсан санхүүжилтээр Чадан дахь цехийг байгуулсан юм. Тус цех ээлжиндээ 80-90 кг ноос дахин боловсруулах хүчин чадалтай. Цехийн бүтээгдэхүүнийг Зун Хемчинск төдийгүй мал аж ахуй эрхэлдэг зэргэлдээх хошуунд нийлүүлнэ. Тувагийн Монгун-Тайг гэгч газар саяхан мөн ийм цех байгуулсан билээ. Тус бүгд найрамдах улсын хөтөлбөрөөр Тувад дахин боловсруулах 5 цех байгуулахаар төлөвлөж байна. Сут-Хольскийн хошуунд арьс, нэхий боловсруулах цех, малын үндсэн хэсэг төвлөрч байгаа Тувагийн баруун хэсэгт мах боловсруулах цех байгуулахаар төлөвлөж байна. Тувагийн бүгд найрамдах улс малын тоо толгойгоор Сибирьт тэргүүлдэг юм. Тус бүгд найрамдах улс 1 сая 600 мянга гаруй толгой малтай. Одоо түр завсарлая. Улаанбаатар хотын оршин суугч Г.Оргодол Өмнөговь аймагт ажиллаж, амьдарч байгаа эгч Цэвэлмаадаа ая дууны мэндчилгээ дэвшүүлжээ. Эрхэм Г.Оргодол таны хүсэлтийг дуртаяа биелүүлье. “Гялалз, гялалз миний од” уянгын дууг сонсоно уу.  “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгээ үргэлжлүүлье. Ховд аймгийн сонсогч Д.Үнэнбуян оросын тал Монголд трактор нийлүүлж байгаа эсэхийг сонирхожээ. Энэ их орчин үеийн асуулт байна. Алтайн бүгд найрамдах улсын Рубцов дүүргийн “Алттрак” компани багтдаг “Алтайн трактор үйлдвэрлэлийн нэгдэл”, мөн Монгол улсын хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Инженерийн дээд сургууль Монголын газар тариалангийн үндсэн төрлийн ажилд гинжин трактор нэвтрүүлэхэд хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.  Алтайн хязгаарын улсын тус байгууллага энэ оны 3-4-р сард Монгол улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэлд турших углах тоног төхөөрөмж бүхий Т-402А гинжин тракторыг Инженерийн дээд сургуулийн мэргэжилтнүүдэд өгчээ. Монгол орны цаг уурын янз бүрийн бүст гинжин трактор ашиглахад үр нөлөөтэй эсэхийг тодорхойлох, мөн Алтайн хязгаарын тус үйлдвэрийн янз бүрийн төрлийн углах тоног төхөөрөмж бүхий тракторын хөдөө аж ахуйн эдэлбэр газар боловсруулах чанарыг үнэлэхээр туршилт хийж байна. Инженерийн дээд сургууль туршилт хийж, “Алтайн тракторын нэгдэл”-ийн үйлдвэрлэсэн тракторыг Монголын нутаг дэвсгэрт ашиглахыг зөвшөөрсөн хөдөө аж ахуйн техникийн жагсаалтад нэн даруй оруулах арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлэх үүрэг хүлээжээ.  “Алтайн тракторын нэгдэл” болон Монголын инженерийн дээд сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд монгол мэргэжилтнүүд Алтайн хязгаарын хөдөө аж ахуйн ургамал боловсруулах технологи, /трактор болон бусад хөдөө аж ахуйн машин/ хөдөө аж ахуйн орчин үеийн техниктэй танилцах зорилгоор Алтайн хязгаарын бусад үйлдвэр, тракторын үйлдвэрт очино. Алтайн хязгаарын тус үйлдвэрийн хөдөө аж ахуйн зориулалттай тракторын техник үйлчилгээний Монгол дахь төвийн ажилд тус нэгдэл дэмжлэг үзүүлнэ. “Манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлэг өндөрлөх дөхөж байна. Нэвтрүүлгээ дуучин Алла Пугачевын дуулсан “Хүүхэд нас хаашаа оддог вэ?” дуугаар өндөрлөе. “Манай шуудагийн хайрцаг” нэвтрүүлэг өндөрлөллөө. Эрхэм хүндэт сонсогч та бүхэнд амжилт, зол жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Бидэнд захидал бичээрээй! Бид та бүхний асуултад дуртайяа хариулж, хөгжмийн захиалгыг тань биелүүлнэ. Дэлхийн улс төрийн чухал үйл явдал болон орос-монголын харилцааны хөгжлийн тухай материал түүнчлэн “манай шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг www.ruvr.ru сайтад монгол хэлнээ тавьж байгаад сонсогчиддоо дахин сануулъяа.