Орос улсын Онц байдлын гурван нисэх онгоц өнөөдөр өглөө хөнөөлт газар хөдлөлт болсон Гаити арлыг зорилоо. Нисэх онгоцонд аврагч, нүүдлийн эмнэлэг, тусгай тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, нуранги дор дарагдсан хүмүүсийг хайх сургуультай нохой зэрэг байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн зарлигаар газар хөдлөлтөд өртсөн хүмүүст тусламж үзүүлж байна.  Байгалийн гамшигт нэрвэгдсэн Гатитийн хүн амд туслахад шаардлагатай бүхэн Онц байдлын яамны мэргэжилтнүүдэд бий хэмээн тус яамны мэдээллийн удирдах газрын дарга Елена Чернова мэдэгдэв. Үүний зэрэгцээ тэрээр тус аралд илгээсэн нүүдлийн эмнэлэгийн талаар дэлгэрэнгүй ярьсан юм. Орос улсын Онц байдлын яамны нүүдлийн эмнэлэг 50 ортой, автомат горимоор ажиллах чадалтай. Энэ эмнэлэг сэхээн амьдруулах, мэс засал, зөвлөлгөө, оношилгоо, хэт авианы шинжилгээ, рентген, электрокардиограмм, цус шинжлэх лаборатори зэрэгтэй юм. Хэрэв шаардлагатай бол тэнд 6-10 хүний багтаамжтай эрчимт эмчилгээний хэсэг нээх боломжтой. Шаардлагатай тохиолдолд эмнэлэг болоод эмч нарыг онц байдлын бүст буулгана. Эмнэлгийг газар дээр босгосноос хойш 40 минутын дараа гамшигт нэрвэгсдийг хүлээн авахад бэлэн болно. Нүүдлийн эмнэлгийн эмч нар Шри-Ланка, Индонез, Пакистан, Хятад, Өмнөд Осетид хээрийн нөхцөлд хүнд мэс хагалбар хийж байсан юм. Гаитийн түүхэнд хамгийн уршигтай газар хөдлөлт мягмар гаригт болсон юм. Байгалийн гамшгийн улмаас тус улсын нийслэл Порт-о-Пренст ерөнхийлөгчийн ордон, НҮБ-ын энхийг сахиулах хүчний барилга зэрэг олон барилга нуржээ. Байгалийн гамшигийн улмаас олон хүний амь сүйдсэн тухай мэдээлж байна. Нурангинд хэдэн зуун хүн амь насаа алдаж, олон мянган хүн гэмтэж, бэртсэн байж болзошгүй хэмээн эмч, хүмүүнлэгийн байгууллагын ажилтнууд ярьж байна. Гаитид болсон газар хөдлөлтөд 500 мянга орчим хүн үрэгдсэн байж болзошгүй тухай орон нутгийн засаг захиргаа баталж байна.
Байшин, барилгын нурсан хэсгийг зайлуулах тусгай техник байхгүй, зам, тэнгисийн томоохон боомт зэрэг дэд бүтэц бараг бүрэн сүйрсэн тул байдал улам дордож байна. Эмнэлэг, хувийн эмнэлэг хүнээр дүүрсэн тул хохирсон хүмүүсийг цэнгэлдэх хүрээлэнд түр байрлуулжээ. Орох орон, оршин байх хөрөнгө мөнгөгүй үлдсэн хүн амд наад захын хүнс, ундны ус дутгадаж байна. Халдварт өвчин түгэх аюул нүүрлэж байна. Байгалийн гамшгийн хамарсан хүрээнд цочирдсон олон улсын хамтын нийгэмлэг Гаитид болсон эмгэнэлт явдалд өртсөн хүмүүст шуурхай тусалж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн лхагва гаригт болсон онц хуралдааны үеэр олон орны төлөөлөгчид сүүлийн хэдэн зуун жилд хамгийн хүчтэй газар хөдөлсөн улсад нэн даруй туслах бодолтой байгаагаа мэдэгдсэн юм. АНУ нисэх онгоц тээгч атомын хөлөг онгоцноос өгсүүлээд хэд хэдэн хөлөг онгоцыг тус аралд илгээжээ. Мөн онгоцоор хүнс, эм бэлдмэл хүргэж байна. Итали, Испани, Франц, Швейцари, Хятад, Бразил, Венесуэл болон бусад олон орон хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Үүнээс гадна НҮБ Дэлхийн хүнс хөтөлбөрийн хүрээнд хүнс хүргэж эхэлжээ. Хувь хүмүүс сайн дураар хандив өргөж байна. Эхний хэсэг аврагчдыг тус бүс нутагт илгээсэн Орос улс шаардлагатай хэмжээгээр тусламж үзүүлэхэд бэлэн байна. Орос улсын мэргэжилтнүүд онц байдлын үр дагаврыг арилгахад их туршалагажсан билээ. Оросын аврагчид дэлхийн хэмжээнд сүүлийн 10 жилд болсон бараг бүх хүчтэй газар хөдлөлтийн уршгийг арилгахад оролцсон. Оросын Сахалин мужийн Нефтегорск хотыг тэрчигт нь сүйтгэсэн байгалийн гамшигаас өгсүүлээд өнгөрсөн жил Хятадад болсон хөнөөлт газар хөдлөлт зэрэг бараг бүх онц байдлын уршгийг арилгахад тэд оролцсон юм. Тиймээс Оросын аврах баг энэ утгаар их туршлагтай билээ.