Туркийн ерөнхий сайд Тайип Эрдоган Орос улсад хийсэн айлчлалаа өндөр үнэлж, яриа хэлэлцээ үр нөлөөтэй, үр бүтээлтэй болсныг тэмдэглэв. Туркийн Засгийн газрын тэргүүн Москвагаас Анкара буцахдаа талууд визийн горимыг хөнгөвчлөхөд бэлэн болохыг онцлон тэмдэглэсэн юм. Түүний хэлснээр Орос, Туркийн холбогдох яамдууд зохих захирамж авч, энэ асуудлыг боловсруулж эхэлжээ. Эрдоган оросын удирдлагатай хийсэн яриа хэлэлцээг “цогц, дээд зэргийн үр нөлөөтэй” болсон хэмээн дүгнэлээ. Яриа хэлэлцээний үеэр Самсун-Жейхан нефть хоолойны төслийг оролцуулаад эрчим хүчний салбарт хамтран ажиллах, мөн атомын эрчим хүчний салбарт төсөл хэрэгжүүлэх тухай идэвхтэй хэлэлцсэн. Талууд ойрын 5 жилд худалдааны бараа эргэлтийг 100 тэрбум долларт хүргэх зорилт тавьсныг тэр тэмдэглэв. Айлчлалын үеэр “Кавказын байдал, армян-туркийн харилцаа, Азербайжан, Киприйн асуудал” зэрэг бүс нутгийн асуудлыг нарийвчлан хэлэлцсэн хэмээн Эрдоган тэмдэглэв.