Украины ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа тус улсын ерөнхий сайд Юлия Тимошенко Орос улстай харилцан ашигтай харилцаа тогтоох бодолтой байна. Үүний зэрэгцээ Украины засгийн газрын тэргүүн хоёр орны түүхэн асуудлыг тодруулах хүсэлтэй байна. Америкийн “Ньюсуик” сэтгүүлд мягмар гаригт хэвлэгдсэн “Орос улстай хэрхэн хамтран ажиллах вэ?” Тимошенкогийн нийтлэлд энэ тухай өгүүлжээ. “Орос улс хөрш улсуудад түүхэн гүн шарх учруулснаа хүлээн зөвшөөрч эхэлж байна. Өнгөрснөө тодруулсан цагт бид тайван ирээдүй цогцлуулна” гэж Юлия Тимошенко нийтлэлдээ дурдсан байна. Ерөнхий сайдын энэ нийтлэл сэтгүүлд гарсан хоёр дахь өдөр Киевийн давж заалдах шүүх 1932-1933 онд украины ард түмнийг зориуд өлсгөж, бөөнөөр устгасан баримтанд эрүүгийн хэрэг үүсгэснийг хэлэлцэж эхэллээ. Эрүүгийн хэрэгт өөр хэнийг ч биш зөвхөн Иосиф Сталиныг буруутгаж байна. Олон хүнийг бөөнөөр өлсгөж, аминд нь хүрсэн хэрэгт ЗХУ-ын залгамжлагч Орос улс хариуцлага үүрэх ётой гэж тус улсын Үндэсний улс төрийн хэд хэдэн нам, Украины хөдөлгөөн мэдэгдсэн юм. Сэтгүүлд нийтлэл гарсан, мөн шүүх ажиллагаа эхэлсэн энэ хоёр үйл явдлын талаар улс төр судлаач Александр Сегал ийнхүү тайлбарлаж байна:  Тимошенкогийн нийтлэлдээ мэдэгдсэн зүйл нь удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн одоогийн ерөнхийлөгч Виктор Ющенкогийн дэмжигчдийг булаахыг хүсч байгаа сонгогчдын тэр хэсэгтэй тоглож байгаа нь гарцаагүй. Өнөө хүртэл Виктор Ющенко түүхэн баримтыг гуйвуулж, овжин ашиглаж гаршиж байгаа. Киевийн шүүхийн тухайд юу хэлэх вэ дээ? “Үхсэн хүн ичихгүй” гэдэг шүү дээ. Үхсэн хүнийг шүүхэд амар биз дээ?. Миний бодлоор хүмүүсийг хоморголон устгасны төлөө хэн нэгнийг шүүе гэсэн байр суурь үнэнд нийцэхгүй. Тэгээд шүүцэгээе. Дараа нь Гүржийн төлөөлөгч Сталин Орос, Украиныг тодорхой хугацаанд удирдахдаа гэмт хэрэг үйлдсэн хэмээн Гүржид гомдол мэдүүлье. Дараа нь украин гаралтай Хрущев ЗХУ-ыг удирдасны төлөө Украинд гомдол мэдүүлье. Хүмүүсийг өлсгөж бөөнөөр устгасан шалтгаанаар Орос улсад гомдол мэдүүлж байгаа нь эрт дээр тодорхой болсон түүхэн утгагүй хэрэг юм. Тэгвэл Поволжьед тэр үед өлсгөлөнгөөр олон хүн үрэгдсэнтэй холбогдуулан Орос улс хэнд гомдол мэдүүлэх ёстой вэ?  Өлсгөлөнтэй холбоотой түүх, түүнийг тойрсон суртал ухуулга нь хэт улс төржсөн гэж манай шинжээч ярьж байна. Зөвхөн украины ард түмэн өлсгөлөнгөөр үхсэн хэмээн зарлах нь утгагүй, улс төрийн өдөөн хатгалга хэмээн Александр Сегал тэмдэглэж байна. Учир нь тэр үед Украинд янз бүрийн үндэстэн суурьшсан байсан тул өлсгөлөнгөөр орос, казах үндэстэн нэгэн зэрэг үрэгдэж байсан юм.