Карибийн бүс нутгийн арлын улсад хөнөөлт газар хөдлөлт болсны уршгаар Гаити нуранги дор байна. Нийслэл Порт-о-Пренс хотоос 15 км зайд рихтерийн шаталбараар 7 баллын хүчтэй газар доорх донсолгоо болов. Амь үрэгдсэн хүмүүс хэдэн арваар тоологдож, нурангинд хэдэн зуу, магадгүй хэдэн мянган хүн дарагдсан байж болзошгүй тухай мэдээлэл ирж байна. Гаитид байгаа оросын иргэдийн талаар өнөө хир зөрүүтэй мэдээлэл байна. Карибийн бүс нутагт газар хөдлөлтийг ажигласан бүх хугацаанд үүн шиг хүчтэй газар хөдлөлтийг хэзээ ч бүртгэж байгаагүй юм. Гаитид 240 жилд анх удаа ийм хөнөөлтэй газар хөдлөлт боллоо гэж хэд хэдэн шинжээч хэлж байна. Улс төр, эдийн засаг нь олон жил хямарсан Гаитийн нийгэм-улс төрийн амаргүй байдал байгалийн гамшгийн улмаас улам гүнзгийрлээ. Дарангуйлагч Жан-Батист Аристидыг төрийн эрхээс зайлуулсны дараа 2004 оноос хойш НҮБ тус улсын тогтвортой байдлыг хянаж байна. Тэдний дунд оросын иргэд мөн ажиллаж байгаа. НҮБ-ын барилга ноцтой сүйдсэн тухай мэдээ ирж байна. Орос улсаас Венесуэлд суугаа элчин сайдын яамны 1-р нарийн бичгийн дарга Алексей Середин ийнхүү мэдэгдлээ.
Оросын иргэдийн тухайд элчин сайдын яам тэдэнтэй холбоо тогтоохоор бүхий л хүч чармайлтаа тавьж байна. Гаити дахь НҮБ-тай гэрээгээр ажиллаж байгаа оросын ажилтнууд, мөн Гаитийн байдлыг тогтворжуулах НҮБ-ын Төлөөлөгчийн газрын цагдаагийн бие бүрэлдэхүүнд багтаж байгаа Орос улсын Дотоод хэргийн яамны ажилтнуудад анхаарал хандуулж байна. Үүнээс гадна Порт-о-Пренс дахь манай өргөмжлөлт консултай холбоо тогтоохыг оролдож байна. АНУ, Венесуэл, Канад болон газар хөдлөлтөд өртсөн улстай газар зүйн хувьд ойр оршдог орнууд байгалийн гамшгийн хор уршгийг арилгахад туслахад бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Орос улсын Онц байдлын яам Гаитид тусламж үзүүлэхэд бэлэн байна гэж ОХУ-ын Онц байдлын яамны олон улсын асуудал эрхэлсэн газрын захирал Юрий Бражников “Оросын дуу хоолой” радиод мэдэгдсэн юм. Гаити дэлхийн хамтын нийгэмлэгээс тусламж үзүүлэхийг хүслээ. Юуны түрүүнд тус бүс нутагт оршин суугаа улс орнуудаас тусламж хүссэн байна. Бид өөрсдийн зүгээс холбогдох гэрчилгээтэй, тусгай бэлтгэлд хамрагдсан Орос улсын Онц байдлын яамны хоёр боловсон хүчнээ НҮБ-ын үнэлгээ болон зохицуулах газар илгээхийг НҮБ-д санал болгосон. Хоёрдугаарт бид НҮБ-д “Дэлхийн хамарсан радиус” гэгч өөрсдийн технологи ашиглахыг санал болгож байна. Энэ нь нисэдг тэрэг ачсан Ил-76 тээврийн нисэх онгоц юм. Уг онгоцоор НҮБ-ын төлөөлөгчид арлын нийт нутаг дэвсгэрт шуурхай ажиллагаа явуулах боломжтой. Одоо бидний тавьсан саналд хараахан хариу ирээгүй байна.
Орос улсын Онц байдлын яам байгалийн гамшигт өртсөн хүмүүсийг аврах олон улсын туршлага сайтайг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Орос улсын Онц байдлын яам бараг дэлхийн бүх оронд хүмүүнлэгийн аврах ажиллагаа явуулсан. Тухайлбал Танзани, Руанда, Хятад, Итали, Индонез, Пакистан улсад аврах ажиллагаа явуулж байсан юм. Үүнээс гадна өнөөгийн нөхцөл байдал Орос улсын Онц байдлын сайд Сергей Шойгу гадаадын ажил нэгт нөхддөө нэг бус удаа дэвшүүлж байсан асуудлыг дахин хөндлөө. Дэлхийн дурын өнцөгт онц байдал тохиоход шуурхай хариулах улс дамнасан байгууллага шаардлагатай байна.