Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын Ереванд хийх яриа хэлэлцээний гол сэдэв уулын карабахын асуудлыг зохицуулах явдал байна. Орос улсын Гадаад хэргийн сайд 1-р сарын 13-14-нд Арменид айлчилна. Армян үндэстэн голдуу оршин суудаг Уулын Карабах 1990-ээд оны эхэнд Азербайжаны бүрэлдэхүүнээс гарч байгаагаа зарласны дараа карабахын хямрал дэгдэснийг сануулъяа. Үүний дараа эхэлсэн зэвсэгт мөргөлдөөний дүнд Уулын карабах болон үүнтэй зэрэгцэн орших долоон дүүрэг бүхэлдээ эсвэл зарим нь Азербайжаны хяналтаас гарсан юм. Европ дахь Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Орос, АНУ, Франц улс хамтран даргалдаг Минскийн бүлгийн хүрээнд хямарлыг тайван замаар зохицуулах яриа хэлэлцээ 1992 оноос хойш өнөө хүртэл үргэлжилж байна. Азербайжан нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хадгалахыг шаардаж, яриа хэлэлцээнд оролцдоггүй Карабахын ашиг сонирхолыг Армени хамгаалж байна. Азербайжан, Армени тохиролцоход Москва идэвхтэй зуучилж байна гэж улс төр судлаач Сергей Михеев тэмдэглэв. Уулын-карабахын асуудлыг зохицуулах тухайд нөхцөл байдал харамсалтай нь энэ бүх жилүүдийнх шиг хүнд байна. Хямарлыг зохицуулахын тулд Орос улс зуучлалын үүргээ биелүүлсээр байна. Хямарлыг зөвхөн тайван замаар зохицуулах ёстой гэсэн Орос улсын байр суурь өөрчлөгдөхгүй. Энэ асуудлаар ойрын үед дэвшил гарахгүй бололтой. Миний бодлоор Ереван, Баку жинхэнээсээ тохиролцоонд хүрэхэд бэлэн биш байгаа нь гол бэрхшээл юм. Сергей Лавровын Арменид хийж байгаа айлчлал Туркийн ерөнхий сайд Режеп Эрдоганы 1-р сарын 13-нд Оросын удирдлагатай хийх яриа хэлэлцээтэй бараг давхцаж байна. Анкара бүс нутагт хямарлыг зохицуулах үйл явцад өнөөдөр идэвхтэй оролцогчийн нэг байна. Кавказд аюулгүй байдал, тогтвортой байдал тогтоох шинэ механизмыг хайх үүднээс Москва карабахын асуудлыг шийдэхэд бүх талаас хандахыг эрмэлзэж байна. Үүний зэрэгцээ Ереванд болох яриа хэлэлцээ зөвхөн карабахын асуудлаар хязгаарлагдахгүй гэж улс төр судлаач Алексей Власов үзэж байна.  Орос улсын хувьд Армени Өмнөд Кавказ дахь гол холбоотон, стратегийн түнш байна. Нөхцөл байдал эрчимтэй өөрчлөгдөж байгаа энэ үед хоёр талын харилцааны бүх асуудлаар шинэ алхам боловсруулах шаардлагатай. Үүнд геополитик, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа чухал.  Яриа хэлэлцээний үеэр Сергей Лавров Армений удирдлагатай янз бүрийн салбар дахь хоёр талын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлыг хөндөнө. Орос улс Арменийн гадаад эдийн засгийн гол түнш болохыг үүнтэй холбогдуулан тэмдэглэж байна. Тухайлбал Москва өнгөрсөн оны 6-р сард Ереванд 500 сая долларын урт хугацааны зээл олгосон. Энэ мөнгөөр дэлхийн санхүүгийн хямарлын үед тээвэр, эрчим хүчний салбарт өргөн хүрээтэй хөрөнгө оруулалтын хамтарсан хэд хэдэн төсөл хэрэгжүүлнэ. Бүхэлдээ цэрэг-улс төр, хүмүүнлэг, хоёр орны бүс нутгийн хамтын ажиллагаанд хөгжлийн нааштай хандлага ажиглагдаж байна.