Орос улстай харилцаагаа сайжруулсан нь Барак Обамын засаг захиргааны ажлын эхний жилийн “бодит амжилтын” нэг юм. АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дэд туслах Бен Родс энэ тухай мягмар гаригт сэтгүүлчдэд мэдэгдэв. Обамын засаг захиргаа засгийн эрхэнд гарахад хоёр орны харилцаа хүнд байсан. “Хоёр орны харилцаа урсгалаар хөвж байгаа мэт сэтгэгдэл төрж байсан” хэмээн тэр хэллээ. Барак Обама Москватай харилцаагаа хэвийн болгосноор, “ерөнхий зорилтоо тодорхойлж, үүнийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах” боломж бүрдүүлсэн гэж гэж тэр үзэж байна. Цагаан ордны төлөөлөгч зэвсэг хураах салбарт хамтран ажиллах нь гол сэдэв хэмээн тодорхойлж, Стратегийн давшилтын зэвсгийн асуудлаарх шинэ хэлэлцээр боловсруулах яриа хэлэлцээ үргэлжилж байгааг санууллаа. Энэ гэрээгээр хоёр орны цөмийн зэвсэг, үүнийг тээвэрлэх хэрэгслийг нэлээд хорогдуулна гэж Родс үргэлжлүүлэн хэлэв. АНУ, Орос улс зэвсэглэлд хяналт тавих салбарт тэргүүлж, цөмийн материалын аюулгүй байдлыг хангах, үл дэлгэрүүлэх дэглэмийг бэхжүүлэх олон улсын нэмэлт хүчин чармайлтын суурийг бүрдүүлж байна. АНУ, Орос улс зарим нэг асуудлаар санал зөрөлдөж байгааг дээгүүр тушаалын төлөөлөгч хүлээн зөвшөөрлөө. Тухайлбал Орос улсад хийж байгаа өөрчлөлт шинэчлэлт бүхэн Вашингтонд таалагдахгүй байна.