0Москвад хүрэлцэн ирсэн Туркийн ерөнхий сайд Режеп Эрдоганы хэлэлцэх хэргийн төлөвлөгөөний үндэс нь эрчим хүч болон бүс нутгийн асуудал байна. Сайн хөршийн уламжлалд тулгуурласан хоёр орны олон талын түншлэлийг хөгжүүлэх асуудлыг талууд хэлэлцэнэ. Сүүлийн үед Орос, Туркийн хооронд нягт, үр нөлөөтэй хамтын ажиллагаа тогтож байна. Хоёр орны удирдлагууд хувийн холбоо тогтоож, олон удаа уулзаж байна. Хамгийн сүүлд өнгөрсөн оны 8-р сард Анкара хотод ерөнхий сайд нарын түвшинд яриа хэлэлцээ болсон. Яриа хэлэлцээний төгсгөлд янз бүрийн салбарт хамтран ажиллах тухай 20 гаруй хэлэлцээр байгуулсан юм. Энэ удаа үүнээс багагүй хэлэлцээр байгуулна гэж улс төр судлаач Станислав Тарасов үзэж байна. Орос-Туркийн харилцаа цоо шинэ чанартай болж байна гэж шинжээч хэллээ. Энэ харилцаанд нааштай хандлага ажиглагдаж байна. Тухайлбал хоёр орны бараа эргэлт жилд 40 тэрбум долларт хүрсэн юм. Ийнхүү Турк улс Орос улсын европын худалдааны гурав дахь түнш боллоо.


0Москва сонирхосон бүхэнтэй тэгш эрхтэй түншийн харилцаа тогтооход бэлэн байна. Үүнийг Анкара бүрэн ойлгож байгаа. Турк улс Орос улстай түншлэх найдвар тавьж, хоёр орны эдийн засгийн харилцаа стратегийн шинжтэй болсон гэж Станислав Тарасов дүгнэж байна.  Туркийн ерөнхий сайд Режеп Эрдоган Москвад айлчлах үеэр Москва, Анкара юуны түрүүн эрчим хүчний салбарт хамтын ажиллагаагаа урагшлуулах шаардлагатай байна. Хар тэнгисийн ёроолоор “Өмнөд урсгал” хийн хоолой тавихад зэрэгцэн алхам хийх асуудлыг хэлэлцэнэ. Хоолойг тэнгисийн ёроолоор тавихад Туркийн усыг дайрах юм. Турк улс барилгын ажлыг хэдийн зөвшөөрсөн бөгөөд Москва барилгын нарийн ширийнийг хэлэлцэнэ. Үүн дээр нэмээд Орос, Турк улс “Хөх урсгал-2” төслийг хэлэлцэнэ. В.Путин болон Эрдоган нар өнгөрсөн жилийн хавар үүнийг хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. Гэхдээ талууд хийн хоолойн системийн өртөг, маршрут, техникийн тодорхойлолт зэргийг тодорхойлох шаардлагатай. Хийн хоолойг Хар тэнгисийн ёроолоор Новоросийскоос Турк, цаашид Ойрх Дорнод, дараа нь европын орнууд хүртэл тавина. “Хөх урсгал” төслийн хоёр дахь мөчир Кипр, Израиль, Ливан, Сири хүртэл үргэлжлэхийг үгүйсгэхгүй. Тус бүс нутагт Туркийн гүйцэтгэх үүрэг хий дамжуулагч томоохон улсын хувьд өснө. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев Туркийн зочинтой уулзахдаа улс төрийн асуудал голлон хэлэлцэж магадгүй байна. Уулзалт 1-р сарын 13-нд болно. Кавказд аюулгүй байдлын шинэ механизм байгуулах тухай талуудын хамтарсан алхамыг энэ хэлбэрээр хэлэлцэх төлөвтэй. Анкара бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлын тухай пактыг батлах тухай санаачилсныг Москва дэмжиж байна. Уулын Карабахын хямарлыг зохицуулахад талуудын олон байр суурь давхцаж байна. Хөрш Иракт гадаадын цэрэг байрлах болсноос хурцадсан курдын асуудлыг Анкара хэрхэн шийдэж байгааг Москва ойлгон хандаж байгаа нь улс төрийн салбарт харилцан итгэлцэл бэхжихэд дэмжлэг болж байна. Үүний зэрэгцээ Турк улс Хойд Кавказд терроризм, салан тусгаарлах үзлийн эсрэг тэмцэхэд чиглэсэн Орос улсын удирдлагын хүчин чармайлтыг дэмжиж байна. Талуудад бүс нутгийн улс төрийн үйл явцад идэвхтэй нөлөөлөх боломж олгож байгаа улс төрийн капитал энэ юм.