Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган оросын удирдлагатай эрчим хүчний тээврийн олон улсын томоохон төслийг хэлэлцэнэ. Тэрээр 1-р сарын 12-нд мягмар гаригт Москва хотод хүрэлцэн ирнэ. Туркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган Орос улсын ерөнхий сайд В.Путинтай лхагва гаригт буюу 1-р сарын 13-нд уулзана. Талууд худалдаа-эдийн засаг болон бүс нутгийн хамтын ажиллагааны цогц асуудлыг хэлэлцэх юм. Мөн эрчим хүчний асуудалд онцгой анхаарал хандуулна. Нефть болон атомын эрчим хүчний салбарт хамтран ажиллах, “Өмнөд урсгал” хийн хоолой зэрэг хамтарсан хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцэнэ. Төлөвлөгөөнд зааснаар хийн хоолойг Орос улсын Хар тэнгисийн эргээс Болгар эсвэл Румын хүртэл, дараа нь Италийн өмнөд хэсэг болон Австри хүртэл тавина. Хий дамжуулахад саад тотгор учруулж байгаа Украины нутгийг тойруулж тавих “Өмнөд урсгал” хийн хоолойгоор жилд 63 тэрбум шоо метр хий нийлүүлэх юм.