Чилийн цөлд “Дакар” автомашины орчин үеийн уралдаан үргэлжилж байна. “Камаз” машинаар уралдаж байгаа Оросын тамирчин Владимир Чагин уралдааны долоо дахь шатанд ачааны машины төрөлд түрүүлж, багийн манлайллыг бэхжүүллээ. Уралдааны өмнөх шатанд түүний нутаг нэгт, багийн түнш Фирдаус Кабиров барианд хоёрт орсон юм. Ийнхүү “КАМАЗ-Мастер” оросын баг уралдаанд тэргүүлсээр байна. Тус баг ойрын өрсөлдөгчөөс цаг 30 минутаар түрүүлж, уралдааны ачааны машины ангилалд түрүүлэх давуу талтай болж байна. Энэ жил уралдаан эхэлсэн цагаас Владимир Чагин зургаа дахь удаа хамгийн түрүүнд барианд орж ирсэн тул “Дакар-2010” уралдаанд түүнийг түрүүлнэ гэж мэргэжилтнүүд, хөгжөөн дэмжигчид үзэж байна. Тэрээр янз бүрийн жилүүдэд болсон “Дакар” уралдаанын 53 үе шатанд түрүүлж байжээ. Тиймээс Чагины амжилтыг одооноос “Дакар” уралдаануудад дээд амжилт тогтоосон францын тамирчин Стефан Петранселтэй харьцуулж байна. Оросын багийн тамирчин баасан гаригт уралдааны замын хамгийн хүнд, сонирхолтой хэсгийг амжилттай туулжээ. Замын эхэнд тамирчид манхан, дараа нь марзаар хучигдсан зам, эцэст нь элстэй хэсгийг туулсан. Уралдаанд манлайлж байгаа оросын тамирчин энэ замыг 6 цаг 50 минут 20 секундэд туулжээ. “Дакар-2010” оны уралдааны гараанаас бариа хүртэл бараг 9 мянган км байна. Уралдааны маршрут Чили болон Аргентины нутгийн хооронд тойрогоор үргэлжилнэ. Уралдаан улс бүрт долоон үе шаттай болно. Гэхдээ тамирчид Чилид их зам туулна. Аргентины нийслэл Буэнос-Айрест 1-р сарын 17-нд ялагчдад шагнал гардуулна. Латин америкийн улсад хоёр дахь удаа зохион байгуулж байгаа, 1-р сарын 1-нд эхэлсэн “Дакар -2010” уралдаанд ачааны машин, мотоцикл, дөрвөн дугуйт, хөнгөн автомашин зэрэг 362 машинаар янз бүрийн орны 600 орчим тамирчин оролцож байна. Тамирчин гэмтсэн, техник эвдэрсэн шалтгаанаар өнөөгийн байдлаар 135 баг тэмцээний дундаас гарчээ. Энэ бүхэн “Дакар -2010” уралдаан цэнгээн баясгах арга хэмжээ бус аюул заримдаа эмгэнэлт үйл явдал ч дагуулдаг жинхэнэ эр хүний ажил болохыг дахин баталж байна. Уралдааны эхний шатанд 75 км хурдны замд буюу Альпа Корраль суурингийн ойролцоо осол гарсан байна. Германы тамирчин Мирко Шультисийн жолоодож явсан “Десерт Варриор” автомашин огцом эргэлтээр замаас гарч, энэ үеэр уралдааныг ажиглахыг хориглосон газар байсан үзэгчид дунд түрэн орсон байна. Ослын үеэр Кордобын оршин суугч 28 настай бүсгүй амь насаа алдаж, 5 хүн гэмтэж бэртжээ. Уралдааныг 31 жил зохион явуулахад тамирчин, хөгжөөн дэмжигч, техникийн ажилтан зэрэг 55 хүн амь насаа алдсан байна. Амралтын өдөр буюу бямба гаригт уралдаан завсарлаж, ням гаригт тамирчид уралдааны 8 дахь шатанд Антофагас-Копиапо маршрутаар уралдана. Уралдааны энэ шатны зам 586 км, үүнээс 472 км тооцох тусгай талбай байна. Уралдааны бараг 96 км замд тамирчид будантай бүсээр дараа нь чулуутай аажмаар манхантай замаар уралдана.