Өнгөрсөн арван жилд Орос, Индонези, Вьетнам, Хятад улс дэлхийн эдийн засагт хамгийн их хожсон. Америкийн хөрөнгө оруулалтын “Голдман-Сакс” тэргүүлэх банк ийнхүү дүгнэжээ. Банкны илтгэлийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан байна. Өнгөрсөн арван жилд Орос улсын ДНБ хамгийн их хэмжээгээр нэмэгдсэн тухай баримт бичигт дурджээ. Тус улсын ДНБ 4,8 дахин өссөн байна. Индонезийн ДНБ 3,5 дахин, Вьетнамын ДНБ 3 дахин нэмэгджээ. Орос улс 10 жилийн тэртээ бараг тэгээс эхэлж байсныг харгалзавал энэ сэтгэл хөдлөм үзүүлэлт юм. Орос улсын улс төр, эдийн засаг 1990-ээд оны төгсгөлд ноцтой цочирсон. Эцсийн дүнд 1998 онд хямарал болж, оросын эдийн засаг эрэмдэг болох дөхсөн. Шинэ удирдлага болоод нийгэм бүхэлдээ энэ байдлаас гарахад их хүч чармайлт тавьсан. Дэлхийн эдийн засгийн байдал ч үүнд олон талаар нөлөөлсөн. Нефть, хий зэрэг эрчим хүчний нөөцийн үнэ өсч, эрэлт нэмэгдсэн нь энэ түүхий эдийн томоохон экспортлогчдын нэг Орос улсын орлого хурдан нэмэгдэж, улс орон хөгжихөд нөлөөлсөн. Үүний зэрэгцээ дэлхийн эдийн засгийн үйл явц дахь Орос улсын нөлөө өссөн гэж Улсын Думын санхүүгийн зах зээлийн асуудал эрхэлсэн Хорооны гишүүн Анатолий Аксаков тэмдэглэж байна.  Орос улс эхлээд “их найм” дараа “их хорийн” бүлэгт багтсан. Орос улсын байдал дэлхийн санхүү, эдийн засгийн зах зээлийг зарим талаар тодорхойлох болжээ. Тиймээс “Голдман-Сакс” банкны шинжээчтэй би санал нэг байна. Үндсэндээ Орос улсын гүйцэтгэх үүргийг одоохондоо эрчим хүчний нөөцөөр тодорхойлж байгааг тэмдэглэх байна. Нэмүү өртгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг салбарт манай улс нөлөөтэй байгаасай хэмээн хүсч байна. Дэлхийн хямарал ихэнх оронд тэр дундаа орос улсын эдийн засагт сөргөөр нөлөөллөө. Орос улсын ДНБ 2009 оны эхний хагас жилд 10 орчим хувиар хорогдсон. Одоо байдал сайнаар эргэж байна. 2010 онд байдал сайжирна гэж олон хүн үзэж байна. Хямарлын ёроолоос гарч, эдийн засгийн өсөлт сэргэж, оросын эдийн засагт бүтцийн шинэчлэл болно гэж найдаж байна. Орос улсын Ерөнхийлөгч Д.Медведев шинэчлэлийн бодлогыг зарласан. Тэрээр хамгийн ирээдүйтэй салбарыг хөгжүүлэх бодолтой байна. Энэ чиглэлийн нэг нь нанотехнологийн хөгжил билээ. Энэ чиглэлийн санаа оноог цуглуулах улсын копорацийг хоёр жилийн өмнө байгуулсан юм. Эмнэлгийн тоног төхөөрөмж бүтээхэд энэ хамаатай. Орос улс манлайлдаг цөмийн, сансар зэрэг бусад салбарт дэвшил гаргах бодолтой байна.