Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев хүчний байгууллагад Хойд Кавказын зэвсэгт дээрэмчдийг эрэмбэтэй устгах хатуу чиг шугам баримтлах зорилт тавилаа. Тэрээр Холбооны Аюулаас хамгаалах албаны захирал Александр Бортниковтой баасан гаригт уулзахдаа:  Зэвсэгт дээрэмчдийн тухайд урьдын бодлого хэвээр байгаа. Харамсалтай нь дээрэмчдийн хөрс арилаагүй тул тэднийг зүгээр устгах ёстой. Үүнийг хатуу, системтэй, тогтмол хийх ёстой. Амьдрал дээр огт байхгүй тоо баримтын тухай ярьж, нүдээ аниад өнгөрөх ёсгүй. “Нийт нутгаар” эрэмбэтэй ажиллах ёстой. Хаа нэгтээ дээрэмчдийн мөр илэрвэл, хайж олоод устгах хэрэгтэй. Оросын өмнөд хэсгийн бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт амьдрах хэвийн орчин бүрдүүлэх зорилт хэрэгжүүлнэ гэж Д.Медведев тэмдэглэв. Ерөнхийлөгчийн хэлснээр энэ нь нийгэм-эдийн засгийг хөгжүүлэх, ажлын шинэ байр бий болгох, шинэ үйлдвэрлэл нэвтрүүлж, хөрөнгө оруулалтын шинэ төсөл хэрэгжүүлэх явдал юм. Хойд Кавказд дээрэмчдийн эсрэг тэмцлийн систем тодорхой болсныг Холбооны Аюулаас хамгаалах албаны захирал Александр Бортников хэллээ. Энэ систем үр нөлөөтэй хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа тэр мөн илэрхийлэв. Дагестаны нийслэл Махачкалад 1-р сарын 6-нд үйлдсэн алан хядах ажиллагааны мөрдөн шалгалтын талаар Александр Бортников ерөнхийлөгчид танилцууллаа. Энэ алан хядах ажиллагааг шууд зохион байгуулсан хүмүүсийн халуун мөрөөр мөшгиж илрүүлсэн. Ичикаев болон Казаалиев гэгч хоёр хүн байсан. Энэ хоёр этгээд Дагестаны дээрэмчдийн бүлгийг ахалж байсан Аль-Бара хочтой Умалата Магомедовын бүлгийн гишүүн байсан. Энэ дээрэмчдийн бүлэг хууль сахиулах байгуулагад олон удаа халдаж, олон ажилтны аминд хүрч, төмөр замын далан, эрчим хүчний цогцолборыг дэлбэлж байсан удаатай.  Минажуулсан машинтай амиа золиослогч этгээд 1-р сарын 6-нд Махачкала хотын Замын хөдөлгөөний эргүүлийн албаны батальоны баазад нэвтрэхийг оролдсон юм. Дэлбэрэлтийн уршгаар цагдаагийн 5 ажилтан, террорист өөрөө амь насаа алджээ. Батальоны баазыг чиглэж явсан амиа золиослогчийн машиныг цагдаагийн ажилтнууд эр зориг гарган машинтайгаа хааж, зогсоогоогүй бол үүнээс ч олон хүн амь насаа алдах байсан юм. Замын эргүүлийн албаны батальоны бие бүрэлдэхүүний манаа халах үеэр дэлбэрэлт болжээ. Энэ үеэр цагдаагийн 70 орчим ажилтан байсан юм. 24 хүн шархадсан байна. Хэрэг гарсан дараагийн өдөр буюу 1-р сарын 7-нд алан хядах ажиллагааг шууд зохион байгуулсан хоёр этгээдийг цагдаагийн ажилтнууд илрүүлж, устгажээ. Орос улсын Дотоод хэргийн сайд Рашид Нургалиев баасан гаригт шархадсан цагдаагийн ажилтнуудыг эмнэлэгт эргэж, яамны шагнал гардуулжээ. Тэрээр Замын эргүүлийн албаны батальоны баазыг сэргээн засахад тусална хэмээн амлаж, албаны 15 шинэ машин өгч, барилгыг засч янзалжээ.