Польшийн ерөнхийлөгч Лев Качиньский Освенцим дахь фашистын хорих ангийн хоригдлуулыг чөлөөлсний 65 жилийн ойн арга хэмжээнд Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийг урьжээ. Үүний зэрэгцээ дэлхийн олон удирдагчийн мөн арга хэмжээнд урьсан байна. Тухайлбал ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Николя Саркози, Чехийн ерөнхийлөгч Вацлав Клаус энэ арга хэмжээнд оролцохоор болжээ. Оросын тал арга хэмжээнд оролцохоо хараахан батлаагүй байна. 1945 оны 1-р сарын 27-нд Освенцимийн хоригдлуудыг чөлөөлсөн ЗХУ-ын залгамжлагч Орос улсаас хамгийн өндөр түвшний төлөөлөгчид энэ арга хэмжээнд ирнэ гэж Польш найдаж байна. Польшийн нутаг дэвсгэрт 1940 оны 5-р сараас хорих ангийн систем ажиллаж эхэлжээ. Анх Освенцимд улс төрийн хоригдол, ачаалал нь ихэдсэн шоронгоос польш хоригдлуудыг илгээдэг байж. Хорих анги аажмаар өргөжиж, дэлхийн хоёрдугаар дайны үеэр хүмүүсийг устгах хамгийн том газар болон хувирчээ. Зөвлөлтийн цэргийн хоригдол, европын бүх орны еврей үндэстнийг тэнд цуваагаар хүргэж байв. Хоригдол 100 мянгаас давах үе байлаа. Тиймээс Освенцимийг “үхлийн дамжлага” гэж нэрлэх болсон юм. Гитлерийн тушаалаар 1943 онд германы инженерүүд хүмүүсийг бөөнөөр устгах үйл явцын тооллогыг “нэлээд сайжруулсан” юм. Шинэ загварын хийн камерт нэг удаа 2 мянга орчим хүн багтахаар болжээ. Таван шинэ зуух өдөр, шөнөгүй ажиллаж байсан байна. Хуарангийн мэдээгээр өдөрт 4 мянга гаруй хоригдлыг хөнөөж байжээ. Дайны жилүүдэд Освенцимд 1,5 сая орчим хүн амь насаа алдсан юм. Бусад мэдээгээр тэнд 5 сая орчим хүн амь насаа алдсан байна. Хуаранд дөнгөж ирсэн өвчтэй, шархадсан хүмүүсийг жагсаалтад оруулалгүй шууд хороодог байсан тул тэнд үрэгдсэн хүмүүсийн тоо ийм ялгаатай байна. Нацистудын эмч нарын явуулж байсан анагаах ухааны туршилт, хүнд хөдөлмөр, өлсгөлөнгөөс үхсэн хүмүүсийг мөн тоолоогүй. 1947 онд Освенцимд дурсгалын цогцолбор байгуулсан юм. Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд хуаранд амь үрэгдсэн иргэдийнхээ дурсгалд улс орнууд энэ цогцолборын байранд үзмэр тавьжээ. Зөвлөлтийн арми Освенцимийн хоригдлуудыг чөлөөлсний 65 жилийн ойд зориулсан үндсэн арга хэмжээ тэнд болно. Харин оросын “зөвлөлтийн” гэж хэлбэл зөв болох үзмэр байх ёстой 14 дугаартай байр хаалттай байна. Польшийн музейн удирдлага, оросын талын хооронд үзэл баримтлалын санал зөрөлдөөн байна. Оросын түүхчид Эстони, Литв, Латвийн хоригдлуудыг “нацизмын хохирогч зөвлөлтийн хүмүүс” гэж үзэж, музейн үзмэрт тавьсан газрын зураг дээр эдгээр улсын нутаг дэвсгэрийг ЗХУ-ын нэг хэсгийн хувьд тэмдэглэснээс санал зөрөлдөж байна. Польшийн зүүн хэсэг ч үүнд хамаатай юм. Үнэн хэрэгтээ түүх гуйвуулсан зүйл энд байхгүй. Тэр жилүүдэд Балтын орнууд зөвлөлтийн бүгд найрамдах улсууд байсан. Харин Польш улс 1939 онд гарын үсэг зурсан Молотов-Риббентропын гэрээгээр Герман, ЗХУ-ын хооронд хуваасан байсан юм. ЗХУ-д багтсан Польшийн тэр хэсгийг энэ газрын зураг дээр ЗХУ-ын хэсэг хэмээн заасан хэрэг. Польшууд 5 жилийн тэртээ Польшийг “эзлэн түрэмгийлснийг” хүлээн зөвшөөрөхийг оросоос шаардаж, үзмэрийг холбогдох өөрчлөлт оруулалгүй нээхээс татгалзсан юм. Энэ үеэс хойш 14 дугаартай байр хаалттай байгаа тул Освенцимд ирсэн олон арван мянган хүн эгдүүцэж байна. Бүх асуудлыг зохицуулж, үзэсгэлэнгийн оросын хэсгийг дахин нээх үүрэгтэй хамтарсан комисс одоо идэвхтэй ажиллаж байна. Харин энэ ажлыг 1-р сарын 27-нд болох ёслолоос өмнө амжиж дуусгах эсэх нь тодорхойгүй байна.