Австрид зул сарын баярын гацуур модыг устгах кампанит ажил эхэллээ. Вена хотод өнөөдөр гацуур мод авах 470 цэг нээгдэв. Цугласан гацуурыг нийслэлээс холгүй орших био цахилгаан станцад шатаана. Өнгөрсөн жил энэ маягаар 600 гаруй тонн био түлш цуглуулж, дулаан, цахилгаан эрчим хүч гаргаж авчээ. Улсын гол сүлд мод 27 метр өндөр гацуурыг шатаахгүй. Үүнийг хөрөөдөж, хэдэн хэсэг болгоод сурагчид шувууны үүр хийнэ. Вена хотын төвд орших Шенбрунн ордоны урд байрлах бас нэг гацуур модыг хотын амьтны хүрээлэнгийн заан, хирс зэрэг амьтанд тэжээл, тоглоом болгоно.