Хамид Карзайг дахин сонгосон Афганистанд өнгөрсөн жил болсон сонгууль энэ улсын удирдлагад итгэх итгэлийг алдрууллаа. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны Аюулгүйн Зөвлөл болон Ерөнхий ассамблейд танилцуулсан илтгэлд ийм дүгнэлт агуулсан тухай даваа гаригт уламжлав. Афганистанд 8-р сарын эцэст ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатыг зохион байгуулах үеэр олон зөрчил, булхай илэрсэн шуугиан дэгдсэн юм. Сонгуулийг явуулахад НҮБ тусалсан юм. Сонгуулийн ихэнх хэсэгт Карзайн төлөө саналын хуудсыг будлиантуулсан гэж олон улсын хэд хэдэн ажиглагч үзэж байна. Сөрөг хүчнээс ерөнхийлөгчид нэр дэвшсэн Абдулла Абдулла саналын хуудсыг будлиантуулсан тухай мөн мэдэгдсэн. Тэрээр сонгуулийн хоёр дахь шатанд нэрээ татсан тул Хамид Карзай сонгогчдын саналын талыг аваагүй ч, шууд ерөнхийлөгч болсон юм. Афганистаны хууль үйлчилдэггүй соёл, аюулаас хамгаалах хэвийн хүчин байхгүй, авилга, улсын болон нийгмийн байгууллагын хөгжлийн хурд хангалтгүй байгаа зэрэг нь сонгуулийн үйл явцад сөргөөр нөлөөллөө гэж Пан Ги Мун дүгнэсэн байна. Сонгууль ахархан хугацаанд авсан гэрэл зураг мэт Афганистаны алдаа дутагдлыг харууллаа. Аюулгүй байдал дордсон, сонгууль сунжирсан зэргээс Афганистанд “бүрхэг уур амьсгал” тогтлоо гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга үзэж байна. Хэрэв сөрөг үр дагаврыг даван туулахгүй бол ерөнхий байдал эргэж, буцалтгүй дордох аюул үүсэхийг хүлээн зөвшөөрч болохгүй гэдэгт Пан Ги Мун итгэлтэй байна. Афганистаны засгийн газар болон дэлхийн хамтын нийгэмлэгийн хүч чармайлтыг илүү нягт уялдуулахын тулд НҮБ-ын ивээлд шинэ байгууллага байгуулахыг тэрээр өнөөгийн хүнд байдлыг даван туулах тэргүүн зэргийн арга хэмжээний хувьд санал болгож байна. Тус улсад энэ оны 5-р сард парламентын сонгууль болох тул энэ зорилт нэлээд чухал юм. Афганистаны өнөөгийн удирдлагын ирээдүйн талаар Дорно дахины судлаач Владимир Сотников “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа, Хамид Карзай ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон ч, талибан хөдөлгөөний аюул заналын эсрэг тэмцэлд афганистанчүүдийг нэгтгэж чадах тэр хүн биш бололтой. Афганистанд түүний нэр хүнд төдий л сайн биш байгаа явдалд америкийн холбоотнууд нь түгшиж байна. Тиймээс америкчүүд энэ онд бүгдийн сэтгэлд нийцсэн тийм хүнээр Карзайг солихыг оролдоно. Гэхдээ энэ оролдлогоор Афганистаны ерөнхий байдлыг өөрчлөхгүй. Афганистаны улс төрийн тогтворгүй байдлын аюул заналаас гадна аюулгүй байдал хурцдаж байна. Өнгөрсөн жил эвслийн хүчин хамгийн олон цэргээ алдаж, алан хядах ажиллагааны улмаас энгийн олон хүн амь насаа алджээ. Талибан хөдөлгөөн болон Аль-Каида бүлгийн террорист ажиллагаа илт нэмэгдсэн. Энэ тухайд Афганистан дахь америкийн тагнуулын ажиллагаа төдий л сайн биш байна. Зарим тохиолдолд тагнуулынхны мэдлэг дулимаг байна гэж АНУ-ын Зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны орлогч дарга Майкл Флинны илтгэлд дурджээ. Тэрээр Афганистан дахь америкийн цэргийн тагнуулын ажлыг хариуцдаг юм. АНУ-ын тусгай албад орон нутгийн эдийн засгийн байдлын талаар төдий л мэдлэггүй, орон нутгийн нууц удирдагчдын талаар бүрхэг төсөөлөлтэй тул тэдэнд хэрхэн нөлөөлөхөө мэдэхгүй байна гэж генерал үзэж байна. 2009 оны 12-р сарын эцэст өөрийгөө дэлбэлсэн амиа золиослогч давхар тагнуулч байсан тухай мэдэгдэл Афганистан дахь АНУ-ын тагнуул мэргэжлийн бус болохыг харуулж байна. Алан хядах ажиллагааны үеэр ТТГ-ын 8 ажилтан амь насаа алдсан юм. Америкийн тусгай албад Аль-Каида бүлгийн эсрэг тэмцэхэд элсүүлсэн Иорданаас ирсэн эмч ийнхүү амиа золиосолжээ.