Алс Дорнодод хийсэн айлчлалаа өндөрлөж байгаа Орос улсын ерөнхий сайд В.Путин Владивосток хотноо “Соллерс” автомашины үйлдвэрийн нээлтийн ёслолд оролцож, үйлдвэрийн шугамаас гарсан эхний автомашиныг жолоодлоо. Засгийн газрын тэргүүн энэ үйлдвэрт ачааны болон зорчигч тээврийн автомашин угсрах үйлдвэрлэлийн бүх шугамыг үзжээ. Түүнд “Ссанъён” болон УАЗ “Патриот” зэрэг хэд хэдэн загварын машиныг үзүүлсэн байна. Ерөнхий сайд үйлдвэрийн цехээр УАЗ машиныг жолоодсоны дараа ажилчидтай ярилцсан юм. Орос улс өөрийн автомашины үйлдвэрээ үргэлжлүүлэн хөгжүүлж байна гэж В.Путин мэдэгдэв. Автомашины үйлдвэрлэл дэлхийн санхүү эдийн засгийн хямаралд хамгийн их өртсөн салбарын нэг хэмээн ерөнхий сайд үйлдвэрийн ажилчидтай ярилцахдаа тэмдэглэсэн юм. Үүнтэй холбогдуулан Орос улсын засгийн газар автомашины үйлдвэрлэлийг дэмжих хэд хэдэн арга хэмжээ авсныг тэр мөн сануулав. “Танай үйлдвэр анхны хараацай, гэхдээ хамгийн сүүлчийнх биш гэдэгт найдаж байна” хэмээн ерөнхий сайд үйлдвэрийн ажилчдад хандан хэлсэн юм. Ийм үйлдвэр нээнэ гэдэг “тогтвортой ажлын байр, цалин, ахдаа ажиллах бус өөрийгөө хөгжүүлэх боломж” хэмээн тэрээр тэмдэглэв. Оросын засгийн газрын тэргүүний хэлснээр энэ үйлдвэрийн ачаар бүс нутаг татварын баазаа хөгжүүлэх тул нийгмийн объект, замын сүлжээ, бусад олон зүйлийг хөгжүүлэх боломж, хөрөнгө мөнгө бүрдэнэ гэж мөн хэллээ. Шинэ томоохон үйлдвэр нээнэ гэдэг Алс Дорнод, Байгалийн бүс нутгийг 2025 он хүртэл хөгжүүлэх оросын засгийн газрын стратегийн хэсэг юм. Энэ стратеги стратегийн чухал бүс нутагт тогтвортой эдийн засгийг бүрдүүлнэ гэж В.Путин хэлэв. Ерөнхий сайд өчигдөр Приморийн Козьмино боомтод “Дорно Сибирь-Номхон далай” нефть хоолойн “нефтийг шатахуун тээгч хөлөг онгоцонд юүлэх” эцсийн боомтыг нээсэн юм. Орос улс нефтээ уламжлал ёсоор өрнөдөд нийлүүлээд зогсохгүй Дорнын эрчим хүчний хэрэгцээнд чиглүүлнэ гэж ерөнхий сайд тэмдэглэв. Энэ нь Алс Дорнод болон Дорно Сибирийг хөгжүүлэхэд түлхэц болно гэж В.Путин тэмдэглэсэн байна. Приморийн Большой Камень хотод Орос улсад хамгийн томд орох хөлөг онгоц угсрах үйлдвэр барина гэж ерөнхий сайд мэдэгдэв. “Звезда” үйлдвэрийн суурин дээр хий, шатахуун тээгч шинэ хөлөг онгоц бүтээдэг хамгийн том үйлдвэр байгуулна. Алс Дорнодод айлчлах үеэр очсон бүх объект бүс нутгийг 2025 он хүртэл хөгжүүлэх, 2012 онд Владивосток хотноо болох Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх томоохон хөтөлбөр хэсэг хэмээн ерөнхий сайд бүс нутагт болсон зөвлөлгөөний үеэр мэдэгдсэн юм.