АНУ-д Умар Фарук Абдулмуталлабт, онгоц дэлбэлэхийг завдсан хэргээр ял оноолоо. Амстердамаас Детройт руу нисэж явсан том онгоцны зорчигч 23 настай Нигерийн иргэн биендээ нуусан хүчтэй төхөөргийг дэлбэлэхийг завдсан боловч экипажийнхан болон зорчигчид түүнийг хоргүй болгосон юм. Тэр хүчтэй түлэгдсэн бөгөөд одоо эмнэлэгт хэвтэж байна. Нигерийн иргэн «Аль-Кайда»-тай холбоотой гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Алан хядагч дэлбэрэх төхөөргийг яаж онгоцонд авч орсон нь тодорхой биш байна. АНУ, Канад, Европын онгоцны буудлын дотоодын болон гадаадын нислэгийн зорчигчдыг маш нарийн шалгаж байна. Нигерийн иргэн «Аль-Кайда»-тай холбоотой гэдгийг АНУ-ын элчин сайдын яаманд, түүний эцэг Нигерийн том банкны эзэн Абдулмуталлаб мэдэгдэж байсан бөгөөд АНУ-ын хуулийн байгууллагын хяналтанд 2 жил байжээ. Тэгэхдээ тэр, онгоц буудлын шалгалтыг давж, онгоцонд орж суусан нь хачирхалтай байна.