Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Орос элдэв ноцтой хор хохиролгүй энэ хүнд жилийг даван туулсанд сэтгэл хангалуун байна. “Ээдрээтэй үйл явдал хангалттай их тохиосон хүнд жил байлаа. Манай иргэдэд энэ жил амаргүй байсан. Хамгийн гол нь бид энэ бүхнийг даван туулж, үргэлжлэн хөгжиж, дэлхийд халдварласан олон улсын санхүү эдийн засгийн хямаралд харьцангуй их биш үнэ төлсөн гэж би бодож байна” хэмээн Д.Медведев пүрэв гаригт оросын гурван телевизд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тухайлбал нийгмийн тогтвортой байдлыг хадгалж чадсан байна. “Бид амласан нийгмийн багц төлбөрийг олгосон. Нийгмийн ганц ч үүргээ орхигдуулаагүй, харин ч эсрэгээр энэ жил бид тэтгэврийн шинэ системд шилжиж, хамгийн дээд хэмжээгээр тэтгэвэр олгож байна” гэж ерөнхийлөгч тэмдэглэв. Түүхий эдийн шинжтэй эдийн засгийг хадгалах, ажилгүйдлийн түвшин өндөр, дотоодын аж ахуйн нэгж өрсөлдөх чадваргүй байгаа зэрэг чухал зорилтыг улирч буй онд Орос улсад шийдэж чадсангүй гэж Д.Медведев хэллээ. Тиймээс бидний хувьд инновацийн шинжтэй үйлдвэрлэлийн хөгжил зонхилох нь нэн чухал байна гэж төрийн тэргүүн тэмдэглэв. Бид ажилгүйдлийг бүрэн шийдэж чадаагүй. Цаг үеэ олсон арга хэмжээ авсны дүнд ажилгүйдлийн өсөлтийн хурдыг хазаарлаж, хүнд байдалд орсон хамт олныг ажлаар хангаж, тэтгэмж төлж, санхүүгийн бусад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч байна. “Энэ ажлыг үргэлжлүүлнэ” гэж ерөнхийлөгч хэлэв.