Орос улс 2009 онд тохиосон хамгийн чухал үйл явдал, ололт амжилт, бэрхшээл зэрэг нь Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн оныг дүгнэх ярилцлагын үндсэн сэдэв байна. Тэрээр 12-р сарын 24-нд холбооны гурван телевизийн удирдлагатай ярилцах бөгөөд москвагийн цагаар 12 цагт үүнийг шууд дамжуулна. “Оросын дуу хоолой” радио ярилцлагын дүрс бичлэгийг орос, англи хэлээр өөрийн вэб хуудсаар дамжуулна. Ярилцлагыг дамжуулахад Vesti.ru болон RussiaToday.ru түншилж байна.
Нэвтрүүлэг “Орос улсын ерөнхийлөгчтэй оныг дүгнэх нь” нэртэй байна. Телевизийн удирдлагууд томоохон компанийн төлөөлөгч, мөн шинжээчийн хувьд нийгмийн хамгийн тулгамдсан асуудлаар ярилцана гэж Кремлээс уламжлав. Орос улсын удирдагчтай ярилцахад ноцтой багагүй асуудлыг хөндөх нь гарцаагүй гэж Улсын Думын аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Геннадий Гудков “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа дурдсан юм. Европын аюулгүй байдлын сэдвийг хөндөх байх. Үүнээс гадна зэвсэг хураах асуудлаар АНУ-тай хамтран ажиллах асуудлыг хөндөнө гэж бодож байна. Улс орны аюулгүй байдал, терроризм, авилгын эсрэг асуудлаар ярилцана. Энэ жил бид эмгэнэлт үйл явдлын гэрчүүд боллоо. Саяно-Шушений цахилгаан станцад гарсан осол, Москва-Санкт-Петербург чиглэлийн галт тэргийг дэлбэлж, төмөр замд алан хядах ажиллагаа үйлдсэн, мөн саяхан зуу гаруй хүний аминд хүрсэн түймэр Пермь хотод гарсан эмгэнэлт үйл явдал зэрэг юм. Ерөнхийлөгч энэ сэдэвт онцгой анхаарал хандуулна гэж би бодож байна.
Д.Медведев аюулгүй байдлын асуудалд гол анхаарал хандуулна гэдэгт Холбооны Зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Василий Лихачев итгэлтэй байна. Эрүүл мэнд, нийгмийн салбар, аж үйлдвэрийн техник болон технологийн байдлын ауюлгүй байдлыг хангах тухай ярина гэж сенатч үзэж байна. Улсын ерөнхийлөгч цэрэг-улс төрийн нэн тулгамдсан асуудлыг дүгнэнэ гэж Василий Лихачев хэллээ. Би хоёр асуултыг онцолмоор байна. Эхнийх нь дотоод асуудалд хамаатай. Тухайлбал ерөнхийлөгчийн санаачилгаар хэдийн авч хэрэгжүүлсэн улс төр, нийгэм-эдийн засгийн арга хэмжээнээс гадна Хойд Кавказын байдлыг эцэслэн тогтворжуулахад өөр юу хийх шаардлагатай болохыг би сонирхож байна. Хоёр дахь асуулт олон улсын тавцанд Орос улсын дипломат үйл ажиллагааг идэвхжүүлэх тухай юм. Юуны түрүүнд Москва, Вашингтоны СДЗ-2 хэлэлцээрийн яриа хэлэлцээг нэн даруй дуусгахад бэрхшээлтэй асуудлыг шийдэх, Орос, Европын Холбооны хооронд стратеги түншлэлийн тухай хэлэлцээр байгуулах явдал юм. Төрийн тэргүүн ийм өргөн хүрээтэй, мөн суурьтай ярилцлагыг анх удаа өгч байгаа юм биш. Өнгөрсөн оны 12-р сарын 24-нд ийм хэлбэрээр ярилцлага өгсөн билээ. Тэр үед Д.Медведев телевизийн ярилцлага хэлбэрээр анх удаа иргэдтэй санал солилцсон юм. Жилийн өмнө ерөнхийлөгч “Первый”, “Россия”, “НТВ” телевизийн мэдээллийн албаны дарга нарын асуултанд мөн хариулж байсан. Гурван телевиз ярилцлагын телевизийн хувилбарыг үдшийн тохиромжтой цагаар дамжуулж байв. Энэ удаа арай өөрөөр ярилцана. Энэ гурван телевиз анх удаа ярилцлагыг шууд дамжуулна. Үүний зэрэгцээ тусгай төхөөрөмжтэй студи аль нэг телевизд харьяалагдахгүй. Холбооны гурван телевизээр урьд жилийн турш дамжуулсан цуврал богино ярилцлагыг энэ удаагийн ярилцлагаар дүгнэнэ гэж Д.Медведевийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Наталья Тимакова ярилцлагын энэ хэлбэрийг сонгосон талаар ийнхүү тайлбарласан юм.