Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев, Белорусын ерөнхийлөгч Александр Лукашенко нарын оролцсон Алма-Ата хотод болж байгаа албан бус дээд хэмжээний уулзалтын гол сэдэв Гаалийн холбоо болон эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулах явдал юм. Тэд 2010 оны 1-р сарын 1-ээс Гаалийн холбоо ажиллаж эхлэхийн урд “цагаа тохируулж” байна. Гурван орны удирдагч Гаалийн холбоог байгуулахад цэг тавихын тулд Алма-Ата хотын ойролцоо спортын өндөр уулын баазад уулзаж байна. Үүний зэрэгцээ албан бус шинжтэй болж байгаа дээд хэмжээний уулзалтаар хамгийн өргөн хүрээтэй асуудлаар чөлөөтэй санал солилцож байна. Бүс нутгийн хамтын ажиллагаа, орчин үеийн аюул занал, сорилын эсрэг тэмцэх тухай ярьж байна. Тухайлбал афганистаны асуудал, мансууруулах бодисын аюул заналын эсрэг тэмцэх тухай юм. Гаалийн холбооны тухай хэлэлцээрийн эхний шатанд Казахстан, Орос, Белорус гурван улс оролцох асуудлыг хэлэлцэж байна. “Хаалга нээлттэй” тул гэрээнд бусад улс ч нэгдэх боломжтой. Хуучин зөвлөлтийн орон зайд эдийн засгийн шинэ бодит байдал бүрдүүлэх замд Гаалийн холбоо эхний алхам болж байна гэж Улсын Думын ТУХН-ийн орнууд болон нутаг нэгтнүүдтэйгээ холбоо тогтоох асуудал эрхэлсэн хорооны орлогч дарга Татьяна Москалькова итгэлтэй байна.  Өнөөдөр бид Гаалийн холбоо байгуулахтай холбоотой бичиг баримтыг практикт хэрэгжүүлж байна. Орос, Белорус, Казахстан улс цоо шинэ түвшинд интеграцчлагдаж байна. Гаалийн саад тотгор, шалган нэвтрүүлэх цэг байхгүй гаалийн нэгдсэн орон зай байгуулах тул бараа эргэлт нэмэгдэх учиртай юм. Ингэснээр Гаал ийн холбоонд багтдаг манай улсын эдийн засаг хямарлын үзэгдэлд илүү уян хатан, тогтвортой байна.  Гаалийн холбоо байгуулснаар эдийн засгийн ашгийг шинжээчид хэдийн тооцжээ. Тэдний дүгнэснээр Орос улсад импортын жигнэсэн дундаж татвар 1 орчим хувиар буурна. Үүний зэрэгцээ гол бараанд оросоос ногдуулсан татварт өөрчлөлт орохгүй. Гадаадын машины импортын татвар оросын загварын машины татвартай ижил байна. Энэ Оросын автомашин үйлдвэрлэгчдэд ашигтайгаас гадна Орос, Казахстанд үйлдвэрээ байгуулсан гадаадын олон компани өрсөлдөөний давуу талтай болно. Гаалийн холбоо байгуулснаар бараа таваар, капитал, ажиллах хүчин, үйлчилгээний хөдөлдөөнд худалдаа болон аливаа саад тотгор байхгүй болох тул тэд зах зээлээ өргөжүүлэх боломжтой болж байна. Шинжээчдийн тооцсоноор Орос, Белорус, Казахстаны зах зээлийн хэмжээ хоёр триллион гаруй доллар болохыг тэмдэглэх хэрэгтэй. Энэ дэлхийн нүүрс ус төрөгчийн томоохон нөөц, хөгжлийн асар их боломж юм. Тэгэхлээр Гаалийн холбоо мэдээж чухал төдийгүй эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулах дэлхийг хамарсан зорилтыг хэрэгжүүлэх тодорхой алхам юм. Хэрэв Европын Холбоо нэгдсэн валют, гаалийн хилийг арилгах, ажиллах хүчин чөлөөтэй солилцдог болоход бараг 40 жил болсон бол, Орос, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан улс багтдаг Евразийн эдийн засгийн нийгэмлэг үүнээс богино хугацаанд энэ бүхэнд шилжинэ. Алма-Атад болж байгаа уулзалтаар ерөнхийлөгч нар Орос, Белорус, Казахстаны эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулах төлөвлөгөөний төслийг батлах төлөвтэй. Ингэснээр хуучин зөвлөлтийн орон зайд интеграцчлагдах нь хийсвэр бус бодитой болохыг гэрчилсэн дорвитой ахиц тул цааш урагш хөдлөх боломжтой хэмээн Хуучин зөвлөлтийн орон зайг судлах төвийн ерөнхий захирал Алексей Власов итгэлтэй байна.  Гаалийн Холбоогоор дамжуулан аажмаар эдийн засгийн нэгдсэн орон зайд гарах шинэ зорилт тавьж байна. Зөвхөн Гаалийн холбоог байгуулж буй улс орны хүчээр хоёр дахь алхамыг аажмаар хэрэгжүүлж байгаа нь тохиолдлын хэрэг биш ээ. Киргиз Гаалийн холбооны ажилд нэгдэхэд бэлэн болохоо улам чанга дуугарч байна.  Евразийн эдийн засгийн нийгэмлэгийн бүст эдийн засгийн өсөлтийн хурд ойрын жилүүдэд өснө хэмээн шинжээчид таамнаж байна. Гаалийн холбоо байгуулах нь энэ үйл явцад нэг чухал үүрэг  гүйцэтгэж байна. Үндэсний төлөвлөгөө, хамтарсан төслийг үр нөлөөтэй уялдуулж, бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр, тогтвортой байдлыг хадгална. Евразийн эдийн засгийн нийгэмлэгийг эдийн засгийн тогтвортой өсөлтийн дэлхийн бүс болгон хувиргах нийгэмлэгийн гол зорилтыг идэвхтэй хэрэгжүүлнэ.