Копенгаген хотноо болж байгаа цаг уурын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад ирсэн бараг 30 орны төр, засгийн тэргүүн нар өнөөдөр хаалттай хуралдаж байна. Агаар мандалд цацаж байгаа хүлэмжийн хийг бууруулах тухай олон улсын хэлэлцээр байгуулахад суурь болох ёстой улс төрийн тунхаглалыг тэдэнд танилцуулжээ. Энэ хэлэлцээр Киотогийн хуучирсан протоколыг орлох учиртай юм. Дэлхийн цаг уурын дулааралтын эсрэг арга хэмжээ авахаар заасан тунхаглалын төслийг олон өдөр хэлэлцсэний дүнд өчигдөр орой уялдуулжээ. Цаг уурын асуудлаарх НҮБ-ын бага хуралд 130 гаруй орны төлөөлөгч оролцож байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Данийн нийслэлд хүрэлцэн иржээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев өчигдөр тэнд очсон байна. Тэрээр энэ салбарт улсын бодлогын зарчим, зорилтыг тодорхойлсон Орос улсын цаг уурын асуудлаарх номлолыг пүрэв гаригт баталсан юм. Д.Медведев урьд өөрийн хөтөлдөг дүрс бичлэгийн блогтоо, дэлхийн томоохон эдийн засагтай улс орнууд нэгэн зэрэг дэлхийн экологийн байдлыг сайжруулах үүрэг хүлээж, үүнийг тууштай биелүүлэхийг уриалсан билээ. Агаар мандалд цацаж байгаа хүлэмжийн хийг бууруулсан үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа Орос улс 2020 онд үүнийг 25 хувиар бууруулах тухай тэр мэдэгджээ.