Монголоос хорин хүүхэд 2010 оны эхэнд Омск хотын кадетийн сургуульд суралцана. Сургуулийн түүхэнд анх удаа гадаадын иргэд тус сургуульд суралцах гэж байна. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович кадетийн сургуулийн дарга, хурандаа Виктор Басаеваас энэ талаар лавласан юм. Виктор Романович, Кадетийн сургуулийн талаар сонсогчиддоо тайлбарлах хэрэгтэй болов уу? Монгол улс болон дэлхийн бусад олон оронд ийм сургууль байхгүй. Кадетийн сургууль бол цэргийн дунд сургууль юм. Дунд сургуулийн 8-р анги төгссөн 14-15 насны хөвгүүд энэ сургуульд 3 жил сурдаг. Тэд дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрийг бүрэн дүүргэхийн зэрэгцээ цэргийн анхан шатны боловсрол эзэмшдэг юм. Хүүхдүүд кадетийн сургууль төгсөөд их, дээд сургуульд элсдэг. Орос улсад кадетийн хөдөлгөөн үүсч, хөгжөөд бараг 300 жил болж байна. Кадетийн сургуулийг манай улсад анх 1731 онд байгуулсан. 
Орос улсын кадет болон суворовын сургуульд саяхныг болтол зөвхөн орос хүмүүс суралцдаг байсан. Монгол хүүхдүүд ямар үндэслэлээр, чухам яагаад Омскийн кадетийн сургуульд суралцах болсон бэ?
ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев энэ оны 8-р сард Монгол улсад айлчлахдаа цэрэг-техникийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр зэрэг хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Хэлэлцээрийн нэг зүйлд “Монголын насанд хүрээгүй иргэдийн Оросын кадетийн сургуульд сургах” тухай заасан. ОХУ-ын Батлан хамгаалах яам монгол хүүхдүүдийг манай Омскийн кадетийн сургуульд сургахаар шийдсэн. Орос улсын энэ төрлийн 19 сургуулиас Омскийн кадетийн сургууль хамгийн шилдэг нь юм. Монгол улсаас ОХУ-д суугаа элчин сайдын яамны цэргийн атташе, бригадын генерал Хүрлээ, Монгол улсын Батлан хамгаалах яамны 4 төлөөлөгч 10-р сард манай сургуульд ирсэн. Тэд манай сургууль, сурагчдын байрны нөхцөлтэй танилцсан. Бид тэдэнтэй монгол хүүхдүүдийг сургах бүх асуудлыг хэлэлцсэн. Одоо монгол хүүхдүүдийг хүлээн авахад бэлэн төдийгүй монгол хэлний мэдлэгтэй орос хэлний багш ажиллана. Монголын 20 хүүхэд 2010 оны 2-р сарын 1-нд манайд ирнэ. Хүүхдүүд хагас жил орос хэл үзэж, орчиндоо дасч, 9-р сараас үе тэнгийн орос хүүхдүүдтэй кадетийн сургуулийн хичээлийн хөтөлбөрөөр 3 жил шамдан суралцана.
Цоо эрүүл, бие бялдарын хөгжил сайн, 1,46 см багагүй өндөртэй зэрэг тодорхой шаардлага хангасан орос хүүхдүүд танай сургуульд элсдэг. Үүнээс гадна тэд ирээдүйд офицер болох хүсэлтэй байх ёстой. Омскийн кадетийн сургуульд суралцах монгол хүүхдүүдийг ямар шалгуураар сонгон шалгаруулсан бэ? Хагас жилд орос хэл бүрэн эзэмших аргагүй. Тэгэхлээр Монголын орос хэлний тусгай сургуулийн сурагчид танайд ирэх үү?
Монголын тал манай сургуульд суралцах хүүхдүүдийг сонгон шалгаруулсан. Тэд манай сургуулийн элсэгчдэд тавьдаг шаардлагыг харгалзсан гэж би бодож байна. Орос хэлний тухайд тусгайлан ярьж хэлэлцсэн. Манайд суралцах 20 хүүхдээс хоёр нь орос хэлтэй. Хүүхдүүд өдөр бүр оросоор ярьж байх үүднээс тэднийг үе тэнгийн орос хүүхдүүдтэй нэг өрөөнд суулгана. Тэд эхний хагас жил хэдэн цагаар бус өдрийн турш зөвхөн орос хэл сурна гэдгийг дээр хэлсэн. Туршилт ямаршуу болохыг урьдаас хэлэх аргагүй. Хамгийн ур чадвартай хүүхдүүдийг сонгон шалгаруулсан гэж монголын тал хэлж байгаа.
Энэ хүүхдүүд ирээдүйд юу хийх вэ? Сургуулиа дүүргээд хаана суралцах вэ?
Тэд сургуулиа төгсөөд хэрэв хүсвэл ОХУ-ын Батлан хамгаалах яамны их дээд сургуульд үргэлжлүүлэн суралцаж, цэргийн мэргэжилтэй болно. Мөн Орос улсын иргэний сургуульд ч элсэн суралцах боломжтой. Монгол хүүхдүүд зөвхөн энэ удаа бус ирэх жилээс тогтмол манай сургуульд суралцана.  Омскийн кадетийн сургуулийн дарга, хурандаа Виктор Басаевтай хийсэн ярилцлагыг хүргэлээ.
сонсох