“Оросын дуу хоолой” радиогоос ярьж байна. Хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудын дэлхийн дулааралтын асуудлыг шийдэх алхамын тухайд зөрчилдөж байгаа нь Копенгаген хотод болж байгаа НҮБ-ын олон улсын бага хурлаас харагдаж байна. Хүлэмжийн хийг бууруулах асуудлаар тохиролцоход янз бүрийн орны хөгжлийн түвшинг харгалзах ёстой тухай Хятад улсын байр суурь их анхаарал татаж байна. “Оросын дуу хоолой” радиогийн тоймч Игорь Денисов энэ сэдвийг үргэлжлүүлнэ. Энэ салбар дахь олон улсын хамтын ажиллагааны үндэс суурь болж болох өөр нэг чухал таамаг байна. Хүлэмжийн хий ялгаруулдаг үйлдвэр, аж ахуйн нэгж байгаа бүх улс орон агаар мандалд цацаж байгаа хүлэмжийн хийг бууруулах үүрэг хүлээх нь амжилтын нэг угтвар нөхцөл болж байна. Хэрэв энэ чиглэлд арга хэмжээ авбал цаг уурын техногенн нөлөөллийг бууруулах боломжтой. Нөгөө талаас хүлэмжийн хий их ялагаруулдаг АНУ, Хятад, Энэтхэг зэрэг улс орнуудын оролцоогүй тохиролцох нь утгагүй төдийгүй бусад орны хүчин чармайлт дэлхийн хэмжээнд дорвитой нөлөөлж чадахгүй юм. Хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудын дэлхийн дулааралтад оруулж байгаа “хувь нэмрийн” тухайд тэнцүүгийн тэмдэг тавихгүй байхыг уриалсан Бээжингийн байр суурь тодорхой утга учиртай юм. Экологид халтай үйлдвэрлэлийг улс орноосоо зайлуулснаар аж үйлдвэр хөгжсөн олон гүрэн Хятад зэрэг хөгжиж байгаа ертөнцийн агаар мандалд цацаж байгаа хорт бодис тэр дундаа хүлэмжийн хий ихсэхэд нөлөөлсөн. Тиймээс “дэлхийн томоохон үйлдвэр” Хятад улсаас боломжгүй зүйлийг шаардах хэрэггүй л болов уу. Хэрэв үүнийг шаардвал өрнөдийн орнууд Хятад дахь үйлдвэрүүдээ хаахад бэлэн эсэхээ өөрсдөөсөө асуух хэрэгтэй болж байна. Цаг уурын асуудлаарх олон улсын яриа хэлэлцээнд Хятад улсын байр суурийг шүүмжлэхдээ энэ агшныг харгалзаагүй билээ. Улс орнууд эдийн засгийн нөхцөл байдал, тэргүүн зэргийн зорилт, боломжоосоо үүдэн агаар мандалд цацаж байгаа хүлэмжийн хийг бууруулах үүрэг хүлээж байгаа нь тодорхой. Цаг уурын өөрчлөлтийн талаар саяхан болсон Москва-Бээжингийн дүрс бичлэгийн ярилцлагын үеэр Дэлхийн эдийн засаг, улс төрийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Лу Госюэ ийнхүү ярисан юм.  Киотогийн протоколоор Хятад улсад ямар нэг үүрэг ноогдуулаагүй ч, Хятад улс энэ хугацаанд тоног төхөөрөмж нь хуучирсан нүүрсний олон уурхайг хаах зэргээр агаар мандалд цацаж байгаа хүлэмжийн хийг бууруулах талаар бие даан идэвхтэй хүч чармайлт тависан. Энэ үйл явц одоо ч үргэлжилж байна. Олон улсын дарамт шахалтаар ийм арга хэмжээ аваагүй. Хятад улс гадны дарамт шахалт, эсвэл хуулиар үүрэг хүлээсэн ямар нэг баримт бичгийн дагуу бус харин бие даан, сайн дурын үндсэн дээр хүлэмжийн хийг бууруулах арга хэмжээ авч байна. Хятад улс хариуцлагатай гүрэн тул ямар нэг дарамт шахалт үзүүлэх шаардлагагүй бөгөөд хүлэмжийн хийг бууруулах дээрх арга хэмжээг улс орныг хөгжүүлэх ерөнхий стратегийн хүрээнд хэрэгжүүлж байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн сайд Вэнь Зябао энэ долоо хоногт Хятад улс хүлэмжийн хийг нэлээд бууруулах бодолтой байгаа тухай мэдэгдсэн нь Хятад улсын хариуцлагатай байр суурийг илтгэж байна. Вэнь Зябаогийн хэлснээр хятадын мэргэжилтнүүд 2020 онд хүлэмжийн хийг 2005 оныхоос 40-45 хувиар бууруулах хөтөлбөрийг хэдийн боловсруулжээ.
“Оросын дуу хоолой” радигийн тоймч Игорь Денисовын тоймыг хүргэлээ.