Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудлыг шийдэхэд ахиц гарч байна. Вашингтонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр БНАСАУ-ын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Босуорт энэ тухай мэдэгдсэн юм. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Пхеньянд айлчилсны дараа энэ бага хурлыг зохион байгуулжээ. Босуортын айлчлалыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд янз бүрээр үнэлж байна. Зарим хэвлэлд айлчлал амжилттай болсон, нөгөө хэсэг нь айлчлалаас нааштай үр дүн гараагүй хэмээн дүгнэжээ. Яриа хэлэлцээнд оролцогчдын янз бүрийн сууринаас үүдэн айлчлалын үр дүнг хэвлэлд ийнхүү янз бүрээр бичиж байна. Яриа хэлэлцээний төгсгөлд талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах зургаан талын яриа хэлэлцээг сэргээх тухайд харилцан ойлголцсон гэсэн мэдэгдлээр хязгаарласан юм. Үүнээс үүдэн айлчланы үр дүнг янз бүрээр үнэлж байна. Стивен Босуорт америк-солонгосын тохиролцоог өөр өнцгөөс харах боломж олгох яриа хэлэлцээний заримыг сэтгүүлчдэд дэлгэжээ. Умард Солонгос зургаан талын яриа хэлэлцээг сэргээх хүсэлтэй байгаа, 2005 оны хамтарсан мэдэгдлийн үндсэн ач холбогдолтой санал нийлж буйг тэр хэлсэн байна. Яриа хэлэлцэний үеэр эдийн засгийн тусламж, мөн улс төрийн тодорхой ашиг тус үзүүлсний хариуд БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг хумих асуудлыг хэлэлцжээ. Тиймээс энэ асуудлаар дорвитой ахиц гарсан гэж америкийн дипломатч дүгнэсэн байна. Америк-Хойд Солонгосын зөвлөлгөөний дараа бүх бэрхшээл ард үлдсэн гэж ярих нь буруу хэрэг. Бэрхшээлтэй асуудал үлдсэн. Зургаан талын яриа хэлэлцээг эхлүүлэх нөхцөл, цөмийн салбарт БНАСАУ-ын хүлээх үүрэг, АНУ, болон “зуучлагч” зургаагийн бусад улс Пхеньянд эрчим хүч, эдийн засгийн тусламж үзүүлэх талаар авах арга хэмжээ, энхийн гэрээ байгуулах, бусад асуудлыг уялдуулах хэрэгтэй байна. Энэ оны хавар тасалдсан яриа хэлэлцээг сэргээхэд чухал алхам хийсэн. Үүнийг сайшаах хэрэгтэй гэж Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн шинжээч Константин Асмолов үзэж байна. Яриа хэлэлцээний үйл явц мөхөөгүй, хэсэг хугацааны дараа бүх талын ээлжит яриа хэлэлцээг эхлүүлэхээр урьдчилан тохиролцсон. Яриа хэлэлцээ хэзээ, хэрхэн болох нь тусдаа асуудал юм. Хамгийн гол нь Умард Солонгос яриа хэлэлцээг орхиж, өөр хэлбэрээр уулзах бодолгүй байгаа нь чухал билээ. Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг “зургаагийн” уулзалтад оролцогч бусад улс яриа хэлэлцээний үйл явц “хоёр дахь удаа амьсгаа авах” хэрэгтэй гэж үзэж байна. Стивен Босуорт Пхеньян, Сөүл, Бээжин, Токио, Москвад айлчилсны дараа БНАСАУ-тай тохиролцоход таван улс нэгдэх нь чухал гэдэгт итгэлтэй байна.