Москва-Санкт-Петербург чиглэлийн “Сапсан” хурдны галт тэрэг пүрэв гаригаас тогтмол зорчиж эхэллээ. Галт тэрэг цагт 250 км хурдлах чадалтай. Сапсан 3 цаг 45 минутанд Москвагаас Санкт-Петербург хотод очино. Зорчигчдод дэлхийн нисэх онгоцны шилдэг компанийн адилаар дээд зэргээр үйлчилнэ. “Сапсан” хурдны галт тэрэгний үйлчлэгчид “Аэрофлот” компанийн хөлгийн үйлчлэгч нарын адил зорчигч бүрийн ая эвийг олох зааврын дагуу ажиллана. Германы “Сименс” концерн, Оросын төмөр зам компани “Сапсан” төслийг хамтран хэрэгжүүлж байна. Оросын төмөр зам компани болон Сименс концерн 2006 онд 8 галт тэрэг нийлүүлэх, мөн хожим галт тэргийн техникийн үйлчилгээг 30 жил хангах гэрээнд тус тус гарын үсэг зурсан юм. Доод Новгород хүртэл мөн ийм галт тэрэг зорчиж эхлэх тухай төмөр замчид ярьж байна. Тэгвэл зорчигчид Ижил мөрний энэ хотод зургаан цаг бус 3 гаруй цагт очино.