ОУВС ирэх жил оросын эдийн засгийн хөгжлийг таамаглаллаа. Орос улсад ДНБ-ийн өсөлт 3,5 хувиас багагүй байна. Шинжээчдийн үзэж байгаагаар оросын эдийн засаг хямарлын дараа “аажмаар” гэхдээ баттай сэргэж эхэлж байна. ОУВС Москваг төдий л сайшаан магтдаггүй талтай. Тэд энэ удаа илтгэлээ танилцуулахдаа, төсвийн тэнцвэргүй байдал нэмэгдэж байгаад “түгшиж байна” хэмээн мэдэгдлээ. Дотоодын шинжээчид ч ялгаагүй ийнхүү түгшиж байгаатай санал нэг байна. “Манан будантай жилүүдийн” дараа ирэх оны төсвийн их хэмжээний алдагдлыг гадаадын зээлээр нөхнө гэж тэд үзэж байна. Гадаадын зээл 10 тэрбум доллароос хэтрэхгүй. Гадаад зээл нь оросын талд таатай төдийгүй нэмэлт үүрэгтэй холбоогүй юм. ОУВС-ийн шинжээчдийн үзэж байгаагаар оросын эдийн засгийн сөрөг хүчин зүйл банкны салбарт байна. Тухайлбал зээл санхүүгийн байгууллага урьд олгосон зээлээ буцааж авч чадахгүй дахин хохирно гэжээ. Үүнээс болж дотоодын хэрэглээг дэмжих үйл явц саарна. Үүний зэрэгцээ оросын төр засаг хямарлаас гарах ерөнхий үйл явцыг үргэлжлүүлэн сайн удирдаж байна. Эдийн засаг дахь илүүдэл хэмжээний мөнгөний инфляцын дарамтыг бууруулах алхам хэрэгжүүлж, “валютын илүү уян хатан ханшийг дэмжиж байгаа” ОХУ-ын Төв банкны үйл ажиллагаанд анхаарал хандуулж байна. Оросын санхүүгийн гол зохицуулагч Оросын банкинд “инфляцийг бууруулах хэсэгт илүү өргөн хүрээтэй бодлого” хэрэгжүүлэхийг зөвлөжээ. Инфляцийг үл гааруулах Орос улсын засгийн газрын санхүүгийн эвслийн удирдлагын байр суурьтай энэ бүрэн давхцаж байна. Ямартаа ч ОУВС-ийн илтгэл өөдрөг байр суурьтай байна. Ирэх жил Орос улсын ДНБ-ийн хэмжээ 3,5 хувиар өснө. Энэ таамаг Эдийн засгийн хөгжлийн яамны дүгнэлтээс эрс ялгаатай байна. Орос улсын ДНБ 2010-2011 онд 3,1-3,4 хувиар өснө хэмээн ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн дэд сайд Андрей Клепач саяхан болсон банкны форумын үеэр мэдэгдсэн юм. Нүүрс ус төрөгчийн дэлхийн зах зээл өнөө үед бүхэлдээ таатай байвал энэ өөдрөг таамаг хэрэгжинэ гэж Оросын шинжлэх ухаан академийн Эдийн засгийн хүрээлэнгийн тэргүүлэх шинжээч Леонид Вардовский үзэж байна.  ОУВС болон ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны хийсэн таамагт зарчмын ямар нэг ялгаа би олж харсангүй. Аравны тодорхой хувийг статистик алдаа гэж хэлж болно. Тэртээ тэргүй дэлхийн зах зээл дахь нефтийн үнэд тулгуурлана. Нефтийн үнэ хэдий чинээ өндөр байна оросын эдийн засгийн өсөлт төдий чинээ их байна. Харамсалтай нь Орос улс урьдын адил нефтээс хамааралтай хэвээр. Ирэх жил баррель нефтийн үнэ 80-90 доллар орчим байхаар таамагласан тул эдийн засгийн хөгжлийн хандлага их биш юм гэхэд нааштай байна. 2010 онд Орос улсын ДНБ-ийн өсөлтийн яг таг нарийн тооны тухайд санхүүгийн ганц ч байгууллага танд бодит тоо хэлж чадахгүй. Дэлхийн санхүүгийн системд хямарал үргэлжилж байгаа энэ нөхцөлд жилийн өмнөхийг урьдчилан тооцох хэрэгсэл, аргачлал, завар одоохондоо алга байна. Оросын эдийн засгийн тогтвортой байдал нь юуны түрүүнд эрчим хүчний нөөц, эрдэс түүхий эд бус эдийн засгийн бодит салбарын хөгжилд тулгуурлах ёстой гэж оросын эдийн засагчид ерөнхийдөө үзэж байна. Төр засаг инновацийн технологийг нэвтрүүлсний үндсэн дээр эдийн засгийг шинэчлэх бодлого баримталж байна. Үүний зэрэгцээ нефть, хийн экспортын орлого нь энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд санхүүгийн таатай эх үх үүсвэр болно. Орос улсын санхүү-эдийн засгийн бэрхшээл дэлхийн санхүүгийн хямарлаас үүдэлтэй гадаад хүчин зүйлээс урган гарсныг ОУВС-ийн шинжээчид хэлэлгүй өнгөрөхөөр шийдсэн бололтой.