НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Андрес Фог Расмуссен өнөөдөр Москва хотод ирж байна. Тэрээр ерөнхийлөгч Д.Медведев болон ерөнхий сайд В.Путин нартай уулзана. Өнгөрсөн жил Кавказд дэгдэсэн дайны дараа Орос болон НАТО-ийн харилцаа ноцтой муудсан юм. Түүний энэхүү айлчлал энэ харилцааг сэргээх бэлэгдлийн шинжтэй төгсгөлийн үе шат байна.
АНУ шинэ ерөнхийлөгчтэй болж, НАТО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга солигдсоны дараа үндсэндээ хамтын ажиллагааг сэргээлээ. Энэ үе шатыг Барак Обама харилцаагаа “шинээр эхлэх” гэж нэрлэсэн бол Андрес Фог Расмуссен Орос улс болон Өрнөдийн харилцааны “шинэ эхлэл” хэмээн нэрлэсэн юм. Юуны учир НАТО Москватай харилцаагаа өргөжүүлж байна вэ? Энэ асуултанд Орос улсаас НАТО-д суугаа байнгын төлөөлөгч Дмитрий Рогозин манай радиод өгсөн ярилцлагадаа ийнхүү хариулсан юм. Юуны түрүүнд аюулгүй байдлын асуудлыг шийдэхэд өрнөдийн тэргүүлэх улсад бодит ашиг сонирхол байна. НАТО-д дөнгөж элссэн гишүүн орон Орос улсаас нүүрлэж буй аюул заналыг яаж ч хөөрөгдсөн үнэн хэрэгтээ ийм аюул занал байхгүй болохыг тэд ойлгож байна. Тиймээс ОХУ-тай хамтран ажиллах боломжтой хэлбэрийг тэд өнөөдөр хайж байна. Герман, Франц, Итали зэрэг европын орнууд, мөн АНУ зэрэг цэргийн томоохон гүрнүүд манай улс дорвитой тусалж чадах тэр салбарт Орос улстай хамтран ажиллахыг эрмэлзэж байна. Юуны түрүүнд НАТО нэр хүндээрээ мөрий тависан Афганистанд үүнийг мэдрэх хүсэлтэй байна.
Афганистан бол эрт дээрээс харилцаатай, манайхтай ижил ашиг сонирхолтой улс билээ хэмээн Д.Рогозин тэмдэглэв. Тиймээс бид Афганистанд НАТО-ийн зуучлалаар ажиллана гэдэг мэдээж хэрэг буруу юм. Хамтдаа хэрэгжүүлж буй ерөнхий хөтөлбөр байгаа. Тухайлбал Оросын Дотоод хэргийн яамны Домодедово дахь баазад афганистаны мансууруулах бодистой тэмцэх цагдаа нарыг бэлтгэх дамжаанд НАТО санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Афганистанаас мансууруулах бодисын хууль бус наймаа нэвтрэхийг бид хүсэгүй байгаа тул энэ дамжаанд 1000 орчим хүнийг бэлтгэсэн. Тээврийн хэрэгсэлд террорист ажиллагааг таслан зогсоох шинэ дамжаанд Афганистаны боловсон хүчнийг бэлтгэнэ. Афганистаны аюулгүй байдлын хүчинд тусламж үзүүлэх зэрэг бусад асуудлын тухайд НАТО зуучлах шаардлагагүй гэж Орос улсаас тус эвсэлд суугаа байнгын төлөөлөгч үзэж байна. Ямартаа ч Расмуссен Москва хотод ажлын айлчлал хийснээр оросын дипломатч, цэргийнхэн, НАТО-ийн түншүүдтэй ажиллах улс төрийн таатай орчин бүрдэнэ.