Умард туйлын мөс ойрын 5-7 жилд бүрмөсөн хайлж магадгүй байна. Копенгаген хотноо болж байгаа цаг уурын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын бага хурлын үеэр АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Альберт Гор ийм мэдэгдэл хийв. Эрдэмтдийн сүүлийн үеийн мэдээгээр Умард туйлын мөс эрчимтэй хайлж, энэ хавийн газар нутгийн 75 хувь мөсөн давхаргаас ангижирч магадгүй байна. Үүний зэрэгцээ бага хуралд оролцогчид агаар мандалд цацаж байгаа хорт бодисыг хорогдуулах талаар хараахан тохиролцоонд хүрч чадахгүй байна. Хамгийн гол нь хэн энэ талаар хариуцлага үүрэх ёстой талаар санал зөрөлдөж байна. Хөгжингүй орнууд энэ хариуцлагыг үүрэх ёстой гэж хөгжиж байгаа орнууд үзэж байна. Хятад, Энэтхэг улс агаар мандалд их хэмжээний хорт бодис цацаж байгаа тул улс орнууд ижил хариуцлага үүрэх ёстой гэж хөгжингүй орнууд үзэж байна.