Орос улсад www.gosuvlugi.ru улсын үйлчилгээний нэгдсэн портал нээж байна. Оросын иргэдэд хаана, ямар үйлчилгээ үзүүлж байгаа, үүнийг хүртэхэд ямар бичиг баримт бүрдүүлэх зэрэг мэдээллийг энэ порталаас авах боломжтой. Тухайлбал паспорт, нийгмийн тусламж, тэтгэвэр, сувилалын бичиг зэргийн талаарх мэдээллийг энэ порталд байрлуулжээ. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын улсын байцаах газрын татвар, торгуулийн талаарх шаардлагатай мэдээллийг мөн тэнд байрлуулна. Энэ порталыг тогтмол шинэчилж, мэдээллийг нь баяжуулна гэж Орос улсын Харилцаа холбооны сайд Игорь Щеголев ярив. Цахим засгийн газрыг нэвтрүүлснээр иргэдэд дөхөмтэй төдийгүй авилгатай тэмцэхэд тустай гэж ерөнхийлөгч Д.Медведев жил тутам Холбооны хуралд танилцуулдаг илгээлтдээ мэдэгдсэн юм. Уг портал улсын үйлчилгээг чанартай шинэ түвшинд хүргэж, иргэдийн цаг, зардлыг хэмнэх учиртай гэж ерөнхий сайд В.Путин мэдэгдсэн юм.