Орос улсад хувийн шорон бий болж магадгүй байна. Орос улсын хуульчдын холбооны гишүүн, Холбооны Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга Александр Торшин холбогдох хуулийн төслийг бэлтгэж байна. Улс оронд хувийн засан хүмүүжүүлэх газар шаардлагатай байна гэж тэр үзэж байна.  Гэмт хэргийн ертөнц “оросын шоронд мэргэжлийн гэмт хэрэгтнийг бэлтгэх “дамжаа” дүүргэсэн тэр хүмүүсээр” хүрээгээ байнга тэлж байна гэж сенатч үзэж байна. Хувийн шоронгууд энэ байдлыг эвдэж, шийтгэл гүйцэтгэлийн системийг шинэчлэхэд эхний алхам болно гэж тэр үзэж байна. Чинээлэг хөрөнгө оруулагчид хувийн шорон барина гэж парламентын гишүүн хэлэв. Тэд боловсон хүчин, хамгаалагчдыг хөлсөлнө. Төр засаг ч энэ төсөлд оролцох ёстой. Хоригдол бүрт зарцуулах тодорхой хөрөнгийг шоронгийн эзэнд хуваарилахаар хуулийн төсөлд тусгажээ. Тэд гэмт хэрэгтнүүдийн аж ахуйн үйл ажиллагаанаас орлого олох юм. Шоронгийн эзэд эрх мэдлээ хэтрүүлэн хоригдлуудыг боол болгон хувиргахаас сэргийлэхийн тулд улсаас ял эдэлж байгаа хүн бүрт мөрдөх дүрмийг тодорхойлох ёстой. Хэрэгтнийг байлгах дүрэм зөрчсөн тохиолдолд нэн даруй цуцлах гэрээг бизнес эрхлэгчидтэй байгуулна. Хоригдлуудыг илүү ёс суртахуунтай хувийн шоронгийн эздэд шилжүүлнэ. Шийтгэл гүйцэтгэлийн системд хувийн бизнес нэвтрүүлэх нь нэлээд маргаантай байна гэж Төрийн Думын Аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны гишүүн Михаил Старшинов ярилаа. Зарим сөрөг талыг үл харгалзан үүнийг нэвтрүүлэх нь ашигтай байж болохыг тэрээр бас үгүйсгэхгүй байна.  Үүнийг саваа модны хоёр төгсгөл гэж хэлж болно. Нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс эрх чөлөөг хязгаарладаг газар ирдэг. Тэдэн дунд мөнгөтэй, мөнгөгүй ч хүн байна. Нийгмийн шударга бус байдлын элемент байна. Энэ зоосны нэг тал юм. Нөгөө талаас өнөөдөр эрх чөлөө хязгаарладаг газар хүмүүсийг ямар нөхцөлд байлгаж байна вэ? Үүнийг тайлбарлах нь илүүц биз ээ. Хүмүүс эрүүл мэндээрээ хохирохгүйн тулд бүхнээ худалдахад ч бэлэн байдаг. Энэ чиглэлд ямар нэг дэвшил гаргахын тулд шинэ санааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй ч байж болох юм. Орос улсад хувийн шорон барих тухай таван жилийн өмнөөс ярьж эхэлсэн. Эдийн засгийн хөгжлийн яам ч энэ асуудлыг бараг судлахаар болоод байсан. Харин Хууль зүйн сайд Юрий Чайка хувийн шоронд “зүй бус үйлдэл их гарна” гэж тэр үед мэдэгдсэн юм. Тэгээд энэ төслийг битүүмжилсэн. Өмгөөлөгчдийн олон улсын холбооны гишүүн Юрий Шигин Хууль зүйн сайдтай санал нэг байна. Хуулийн төслийг амьдралд хэрэгжүүлбэл сөрөг үр дагавар их гарна гэж тэр үзэж байна. Эдийн засаг, хууль эрхийн өнөөгийн нөхцөлд ийм шорон байгуулбал таагүй үр дагавар дагуулах нь дамжиггүй. Улсын шорон заримдаа хувийн шорон болж хувирдаг. Шийтгэл гүйцэтгэх тэр газрын үйл ажиллагаа гажих нь бий. Зардлаа нөхөх, санхүүгийн тухайд зөрчил гардаг. Хуулинд үүнийг огт тусгаагүй байдаг тул байцаан шийтгэх хуулийн үүднээс үзвэл энэ шатанд хувийн шорон байгуулах боломжгүй гэж би үзэж байна. Эрүүгийн гүйцэтгэлийн хууль тэр дундаа эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шийтгэл гүйцэтгэлийн хэсгийг бүрэн өөрчлөх ёстой. Торшины санаачилгыг олон хуульч, хүний эрхийг хамгаалагчид дэмжиж байна. Хувийн шорон зөвхөн чинээлэг хэрэгтнүүдэд зориулсан юм биш хэмээн тэд хэлж байна. Энэ байгууллагын хоригдлууд хэвийн нөхцөлд оршин сууж, хөдөлмөрөөрөө орлого олох боломжтой гэж шинжээчид ярьж байна. Энэ нь хэрэгтнүүдэд сайнаар нөлөөлж, шийтгэлийн системийг засан хүмүүжүүлэх систем болгон хувиргана. Сенатч одоогоор хувийн шорон байгуулах материалаа баяжуулж, хуулийн төслийг ойрын үед Төрийн Думд оруулах бодолтой байна.