Уламжлал ёсоор арванхоёрдугаар сард зохион байгуулдаг зул сарын наадам, уран бүтээлийн үзэсгэлэн худалдаа Орос орон даяар шил шилээ даран нээгдэж байна. Хотууд баярын ер бусын хөтөлбөр, түүнд оролцож байгаа одуудын тоогоор өөр хоорондоо өрсөлдөх мэт байна. Энэ жил Новосибирск хот бусдаас манлайлах бодолтой байна. Тус хот баярын арга хэмжээг хамгийн түрүүнд зохион байгууллаа. Хотын оршин суугчдыг 12-р сарын 3-12-нд Зул сарын олон улсын урлагийн наадамд урьжээ. “Энэ нь Сибирьт зохион байгуулж байгаа хамгийн том арга хэмжээ” хэмээн наадмыг зохион байгуулагч Татьяна Людмилина манай радио компанид өгсөн ярилцлагадаа дурдсан юм.  Бид 15 жилийн тэртээгээс Зул сарын баяр зохион байгуулж байна. Өнөө үед Орос улсын театр, хөгжмийн талбарын шилдэг бүхнийг Новосибирск хотод авчрах сайхан уламжлал тогтсон. Бид энэ 10 хоногт Новосибирск хотод орчин үеийн урлагийн ололт амжилтын нэг хэсгийг үзүүлж, шилдэг жүжиг, шилдэг найруулагч, жүжигчний бүтээлийг толилуулахыг хичээж байна. Наадмын хөгжмийн хэсэгт Оросын нэрд гарсан жүжигчид гадаадын ажил нэгт нөхдийн хамт үзэгчдэд уран бүтээлээ хүргэнэ. Новосибирск хотынхонд атаархаж болно. Нийслэлийн театрын бүтээл сонирхогчдын үзэж амжаагүйг тэд үзэнэ. Тухайлбал “Алтан баг” Оросын үндэсний театрын дээд шагналд саяхан нэр дэвшсэн Москвагийн үндэстнүүдийн театрын “Шукшины өгүүлэл” жүжиг, Нийслэлийн “Ленком” театрын энэ жилийн театрын хөтөлбөрийн “Хөхөө шувууны үүрэн дээгүүр нисэхэд” шилдэг жүжгийг толилуулж байна. Санкт-Петербург хотын Александринскийн театрын Гоголийн “Гэрлэлт”, Товстоноговын нэрэмжит драмын их театрын Чеховын “Нохойтой хатагтай” жүжгийг мөн хүргэж байна. Ийм маягаар нэг наадамд хоёр томоохон ойг тэмдэглэж байна. Энэ жил дэлхий дахинаа тэмдэглэсэн Николай Гоголийн 200 жилийн ой, ЮНЕСКО-ийн шийдвэрээр 2010 онд тэмдэглэх Антон Чеховын 150 жилийн ой юм. Германы нэрд гарсан дуучин Натали Фархи, Томас Фоле нар Новосибирскийн симфони найрал хөгжмийн хамт хөгжмийн зохиолч Гайдны “Ертөнцийн бүтээл” дуу дуулж, наадмын хөгжмийн хэсгийг чимэнэ.
Хараа булаасан арга хэмжээнд дуртай хүмүүс Санкт-Петербург хотыг зорих хэрэгтэй болов уу. Энд 12-р сарын 5-12-нд үргэлжлэх зул сарын үзэсгэлэн худалдаанд Орос улсын болон ойрын гадаадын орнуудын янз бүрийн хотын орчин үеийн зураачдын 1000 гаруй зураг тавьжээ. Уламжлалт реалист, авангард зэрэг янз бүрийн төрөл жанрын бүтээл, уран зураг, шавар эдлэл, хавсарга урлагийн бүтээл байна. Эндээс шинэ жилийн бэлгээ цуглуулахаас гадна бүх бүтээлээ авчирсан зураачдын сургалтад оролцох боломжтой гэж үзэсгэлэн ярмагийг зохион байгуулагч Виталий Третьяков “Оросын дуу хоолой” радиод тайлбарлалаа. Сургалтаар реалист хөрөг зурж сурана. Петр Рейхет олны нүдэн дээр хөрөг зураг зурах бүх үйл явцыг харуулна. Харин Владимир Куликов усан болон тосон будгаар байгалийн зураг зурах техникийг заана. Гол нь бид урлаг сонирхогчдыг зураачийн урланд аялуулж, урлагийн бүтээл хэрхэн төрдөг, уран бүтээлийн нууцыг харуулах юм. Нэрд гарсан улс төрч, олон нийтийн зүтгэлтэн, тамирчин, жүжигчин, хөгжимчин, зохиолч зэрэг хүмүүс 12-р сарын 15-нд зураачийн хувьд авьяасаа сорино. Энэ арга хэмжээнд оролцогчид тогтсон уламжлалын дагуу орос цагаан толгойн үсэг зурна. Өнгөрсөн жил Николай Гоголийн зохиолын сэдвээр зураг зурсан. Энэ удаа “Зул сарын цагаан толгойн” сэдэв 300 жилийн ой нь энэ жил тохиож байгаа Санкт-Петербург орчимд орших эзэн хааны өргөө Хааны тосгон байна гэж арга хэмжээг зохион байгуулагч Игорь Гаврюшкин мэдэгдэв.  Дараа нь хааны тосгоны сэдэвт бүх зургийг дуудлагаар худалдаж, олсон орлогыг Санкт-Петербург хотын буяны төсөлд хандивлана. Бид Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, мөн өнгөрсөн жил манай төсөлд оролцсон ерөнхий сайд В.Путин, Санкт-Петербург хотын дарга Валентина Матвиенко нарт “Зул сарын үзэсгэлэн худалдаанд оролцох” урилга илгээсэн. Тэр үед В.Путины “Хээ угалз” нэртэй бүтээлийг 37 сая рубль буюу нэг сая гаруй доллароор худалдсан юм. Энэ жил энэ дээд амжилтыг эвдэх эсэх нь сонирхолтой байна. Одоогоор “Зул сарын цагаан толгой” арга хэмжээнд оролцох хэдхэн хүний нэр тодорчээ. “Современник” театрын найруулагч Галина Волчек, нэрд гарсан дуучин Эдуард Хиль нар байна.