0Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах яриа хэлэлцээг сэргээх талаар АНУ болон Умард Солонгос тохиролцлоо. Сөүл, Пхеньянаас бараг нэгэн зэрэг ийм мэдээлэл ирлээ. БНАСАУ-ын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Босуорт Пхеньянд гурван өдөр айлчилсны дараа Өмнөд Солонгосын нийслэлд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү мэдэгдсэн байна. Умард Солонгосын мэдээллийн ЦТАК агентлаг энэ мэдээллийг мөн дамжууллаа. Бид зургаан талын яриа хэлэлцээний гүйцэтгэх үүрэг, мөн 2005 оны 9-р сарын 19-нд “зургаан талын уулзалтаар” гаргасан хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлэх ач холбогдлын талаар нэгдсэн тодорхой ойлголтод хүрсэн. Энэ баримт бичигт эдийн засгийн тусламж, мөн америкийн “муу муухайн үүр уурхай” орнуудын жагсаалтаас тус улсыг хасах, АНУ, Япон улстай дипломат харилцаа тогтоох улс төрийн тодорхой ашигтай алхам эдэлсний хариуд БНАСАУ цөмийн зэвсэг эзэмшихээс татгалзахаар амласан юм. Яриа хэлэлцээний дүнд талууд “байр сууриа ойртуулсан” гэж ЦТАК агентлагийн тараасан БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд тэмдэглэжээ. Тэд санал зөрөлдөөнийг бүрмөсөн арилгахын тулд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тохиролцсон байна. Пхеньян зургаан талын хэлэлцээнд оролцохоос татгалзсанаас хойш энэ оны 4-р сард энэ яриа хэлэлцээ тасалдсан юм. Умард Солонгос дотооддоо үйлдвэрлэсэн, алсын тусгалтай пуужин харвасныг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл буруушаасны дараа Пхеньян зургаан талын яриа хэлэлцээнээс гарч байгаагаа зарласан билээ. Зуучлагч “зургаагийн” яриа хэлэлцээ дахин эхлэх үед үүнд оролцогч Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг бусад улстай үүнийг зөвлөлдөж, шийдэнэ. АНУ, БНАСАУ-ын шинжээчдийн тохиролцоог нэг ёсондоо дэвшил гэж ойлгож байна. Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын хүрээлэнгийн Солонгос судлалын төвийн ажилтан Константин Асмоловын байр суурийг хүргэе. Яриа хэлэлцээ зогсоогүй, хэсэг хугацааны дараа зургаан талын ээлжит шинэ яриа хэлэлцээ болох урьдчилсан тохиролцоонд сая хүрлээ. Яриа хэлэлцээ хэзээ, хэрхэн болж өнгөрөх нь өөр асуудал юм. Ямартаа ч Умард Солонгос яриа хэлэлцээг бүрмөсөн орхиж, асуудлыг өөр хэлбэрээр шийдэх бодлогүй болохоо харууллаа. Энэ урагш алхаж байгаа хэрэг.


0АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Пхеньянд болсон яриа хэлэлцээг нааштай хэмээн үнэллээ. Урьдчилсан шинжтэй уулзалт нэлээд нааштай үр дүнтэй боллоо. АНУ-ын найдаж байсан түвшинд яриа хэлэлцээ болсон. БНАСАУ зургаан талын яриа хэлэлцээнд эргээд оролцоход бэлэн байгааг зөв чиглэлд хийж буй зөв алхам хэмээн Орос улсын Гадаад хэргийн яамны мэдээлэл, хэвлэлийн газар нэрлэлээ. АНУ, БНАСАУ шууд харилцаа тогтоосныг оросын тал сайшааж байгааг мөн тэмдэглэв.