Монгол улсын УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д албан ёсоор айлчилж байна. ОХУ-ын парламентын дээд танхим болох Холбооны Зөвлөлийн дарга Сергей Миронов ноён Д.Дэмбэрэл болон монголын парламентын гишүүдтэй уулзлаа. Уулзалтын үеэр харилцан ашиг сонирхолыг төлөөлсөн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал ОХУ болон Монгол улсын харилцаа нааштай, эрчимтэй хөгжиж байгааг талууд тэмдэглэв. Д.Дэмбэрэл эдийн засгийн салбарт хоёр орон харилцан үр ашигтай хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв. Монголын парламентын гишүүд Оросын бүс нутагтай хилийн хамтын ажиллагаа, хөдөө аж ахуй, мал аж ахуй, ашигт малтмал олборлох, төмөр замын тээвэр зэрэг салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх тухай ярилаа. Холбооны Зөвлөл “хилийн хамтын ажиллагааны тухай” хуулийн төсөл боловсруулахыг санаачилж, одоо энэ баримт бичгийг ОХУ-ын засгийн газраар хэлэлцүүлж байгаа тухай Сергей Миронов юуны түрүүнд тэмдэглэв. Оросын 40 гаруй бүс нутаг хилийн заагт оршдог тул энэ хууль хил орчмын нутаг дэвсгэрт чухал гэж Холбооны Зөвлөлийн дарга үзэж байна. Хууль баталснаар бүс нутгууд Монгол зэрэг улстай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ашиглах шинэ хөшүүрэг болно гэж Сергей Миронов үзэж байна. Орос, Монголын парламентын хооронд сайн харилцаа, цаашид үүнийг бэхжүүлж, хөгжүүлэх боломж бүрдэснийг Холбооны Зөвлөлийн дарга тэмдэглэв. Уулзалтын үеэр талууд олон улсын парламентын байгууллагын ажилд хамтран оролцох асуудлыг хэлэлцлээ. Айлчлалын үеэр Д.Дэмбэрэл ОХУ-ын Засгийн газрын тэргүүн В.Путинтай уулзана.