0Барак Обамын засаг захиргаа Цагаан ордонд ирснээс хойш БНАСАУ болон АНУ албан ёсоор анх удаа холбоо тогтоолоо. АНУ-ын Хойд Солонгосын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Стивен Босуорт Пхеньянд гурван өдөр айлчилсан юм. Цөмийн асуудлаарх яриа хэлэлцээ “маш үр өгөөжтэй” болсон гэж тэр хэллээ. Америкийн дипломатч яриа хэлэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээлсэнгүй. Хэд хоногийн дараа энэ талаар сэтгүүлчидтэй уулзана хэмээн амлав. Яриа хэлэлцээ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижируулах талаар зургаан талын яриа хэлэлцээг сэргээхэд чиглэсэн нь ойлгомжтой. Яриа хэлэлцээ хэдэн жил үргэлжилж байна. БНАСАУ дотооддоо үйлдвэрлэсэн, алсын тусгалтай пуужин харвасныг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл буруушаасны дараа Пхеньян энэ оны 4-р сард зургаан талын яриа хэлэлцээнээс гарсан юм. Орос, АНУ, Хятад, Япон, хоёр Солонгос зургаан талын хэлэлцээнд оролцдог. Стивен Босуортын айлчлалаар хоёр тал нэг ёсондоо бие биенийхээ байр суурийг танадасан. Умард Солонгосын тал зургаан талын яриа хэлэлцээнд оролцож, 2005 оны 9-р сарын 19-ий Хамтарсан мэдэгдэлд заасан зүйлийг сахин мөрдөхөд бэлэн эсэхийг америкийн дипломатч тодруулах бодолтой байсан. Энэ баримт бичигт БНАСАУ цөмийн зэвсгээс татгалзаж, цөмийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ зогсоож, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх Гэрээнд буцаж нэгдэх үүргийг тусгасан юм. Юуны түрүүнд Умард Солонгосчууд АНУ-ын шинэ засаг захиргааны бодлогын талаар төсөөлөлтэй болохыг оролдож байна. Тухайлбал америкийн засаг захиргаа БНАСУ-ын ашиг сонирхол, урьд тус улсын хүлээсэн үүргийг хэр харгалзах бодолтой байгааг сонирхож байна. Энэ зарчмын чухал мөч билээ. Нөхцөл байдлыг өөрийн үгээр илэрхийлбэл Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг тойрсон маргааны язгуур үндэс нь Вашингтон, Пхеньяны зохицуулагдаагүй харилцаа юм. Оросын шинжлэх ухаан, академийн дэлхийн эдийн засаг болон олон улсын харилцааны хүрээлэнгийн орлогч захирал Геннадий Чуфрин энэ талаар ярихдаа, Умард Солонгос, АНУ-ын зөрчил бүр Солонгосын дайнаас улбаатай, түүхэн гүнзгий үндэстэй юм. Тэр үед АНУ Умард Солонгостой дайтаж байсан. Үүнээс хойш 38-ын өргөргөөр цэргийн сөргөлдөөний нөхцөлд байгаа юм. Умард Солонгос АНУ-тай тохиролцож чадвал АНУ өөрийн холбоотон Өмнөд Солонгос, Япон улсад тодорхой хэмжээгээр нөлөөлж чадна гэж Умард Солонгосын засгийн газар үзэж байгаа нь үндэслэлтэй. Ингэснээр хоёр талын харилцааны хэд хэдэн асуудлыг шийдэхэд тодорхой ахиц гарна.


0Сүүлчийн мөч хүртэл АНУ БНАСАУ-тай шууд яриа хэлэлцээ хийхээс татгалзаж байсан. Тэдний зүгээс Умард Солонгосын аюулгүй байдлыг хангах ямар нэг баталгаа гаргаагүй. Энэ бүхнээс Солонгосын хойгийн байдал сөргөөр өрнөж, Пхеньяны цөмийн хөтөлбөрөө хөгжүүлэх хүслийг оргилуулсан. Энэ тухайд өөрчлөлт хийх шаардлагатай байх шиг байна.