Үүдэндээ Орос, Монгол улсын далбаа хийсгэсэн Монгол улсын нийслэлийн “Сансар” дүүргийн саарал, том барилгыг Улаанбаатар хотынхон андахгүй. Энэ Оросын шинжлэх ухаан, соёлын төв юм. Тус төвийг 1976 онд байгуулснаас хойш 40 жилийн турш Улаанбаатрчуудын чөлөөт цагаа өнгөрөөх дуртай газрын нэг болоод байна. Одоогоор Эдвин Руден тус төвийн захирлаар ажиллаж байгаа бөгөөд 12-р сарын эцэст Улаанбаатар дахь ажлаа хүлээлгэж, Москвад ирнэ. Манай тусгай сурвалжлагч Ольга Павлович монгол-оросын найрамдалын 49 дэх сарын ажлын үеэр Монгол улсад томилолтоор ажиллахдаа, Эдвин Яновичтэй уулзсан юм. Тэрээр түүний асуултанд ийнхүү хариуллаа,
Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв ямар үндсэн зорилго, зорилттой ажиллаж байна вэ? манай сурвалжлагчийн анхны асуулт ийм байлаа.
Улаанбаатар дахь манай төвийн зорилт нэрнээсээ тодорхой байна. Бид Оросын ард түмний үндэсний соёл, шинжлэх ухаан, техник, боловсролын салбарт гаргасан ололт, амжилтыг Монголын ард түмэнд танилцуулдаг. Манай хоёр ард түмний хүмүүнлэгийн харилцааг хөгжүүлж, бэхжүүлэхэд их анхаарч байна. Орос улс болон орос-монголын харилцаа, манай хоёр ард түмний түүхэнд тохиосон тэмдэглэлт ойг тохиолдуулан манай төвийн үзэсгэлэнгийн талбай, кино танхимд янз бүрийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал, семинар зэргийг тогтмол зохион байгуулдаг болохыг манай төвд ирсэн хүмүүс сайн мэдэж байгаа. Мөн энд зөвлөлтийн болон оросын шилдэг кино үзүүлдэг. Бид гэрэл зураг болон номыг үзэсгэлэнг тогтмол зохион байгуулж байна. Манай төвийн номын сан 30 мянга гаруй ширхэг номтой баян сантай юм. Тус төв санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан ч, номын сангийн сан хөмрөгөө байнга баяжуулж байна.
Сүүлийн үед Монгол улсад эргээд орос хэл сонирхож эхэллээ. Улаанбаатар хотод оршин суудаг ялангуяа залуучууд манай төвд монголчуудад орос хэл заах олон жилийн уламжлалтай орос хэлний төв ажилладагийг мэдэхгүй байж болох юм. Та энэ талаар ярина уу?
Монгол улсад орос хэл дэлгэрүүлж, заах нь манай үйл ажиллагааны гол чиглэлийн нэг юм. Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Боловсролын гавьяат ажилтан тэмдэг хүртсэн Эрхүүгийн профессор Тамара Бронская манай орос хэлний төвийг тэргүүлдэг. Орос хэлний төв сургуулийн хүүхдүүдээс өгсүүлээд тэтгэврийн насны хүссэн хүнд орос хэл заагаад зогсохгүй орос хэл заах орчин үеийн аргыг Монголын орос судлаачдад танилцуулах, орос хэл заадаг монгол багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх аргачлалын зөвлөл ажиллаж байна. Орос хэлний төв монголын сургуульд орос хэл заах хөтөлбөр боловсруулахад мөн тусалдаг. Бид жил бүр орос хэлний баяр, олимпиад зохион байгуулдаг. Орос хэлний төв өнгөрсөн жилээс оросын их дээд сургуульд суралцах залуусыг сонгон шалгаруулах эрхтэй болсон. Манай орос хэлний дамжаанд суралцдаг залуус сонгон шалгаруулалтад тэнцэх давуу талтай. 
Оросын шинжлэх ухаан, соёлын төв дангаараа жилд ийм их хэмжээний арга хэмжээ зохион байгуулахад хүнд байх, танай ажилд хэн тусалдаг вэ?
ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам бидэнд их дэмжлэг үзүүлдэг. Монгол-Оросын найрамдалын нийгэмлэг, Монголын найрамдалын нийгэмлэгтэй маш нягт хамтран ажиллаж байна. Мөн оросын бүс нутгаас Монгол улсад суугаа хэд хэдэн төлөөлөгчийн газар тухайлбал Эрхүү муж, Буриадын бүгд найрамдах улс, Улаанбаатар дахь Москвагийн төлөөлөгчийн газартай нягт хамтран ажиллаж байна. Мөн бид “Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний редакцийн хамт олонтой асуулт хариултын уралдаан зохион байгуулж, түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах ёслол зохион байгуулах зэргээр олон жил хамтран ажиллаж байна. Манай төвд 10-р сарын 6-нд Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан асуулт хариултын уралдаанд түрүүлсэн хүмүүст шагнал гардуулах ёслол болсон. Одоогоор бид “Оросын дуу хоолой” радио, Монгол-Оросын найрамдалын нийгэмлэг, Монголын анд нөхдийн нийгэмлэгтэй хамтран шинэ төсөл хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Энэ оны 1-р сарын дундуур зөвлөлтийн ард түмэн дэлхийн хоёрдугаар дайнд ялсны 65 жилийн ой, 2010 оны 10-р сард болох монгол-оросын найрамдалын 50 дахь сарын ажлыг тохиолдуулан асуулт хариултын уралдаан зарлана. Ач холбогдол болоод бай шагналын тоогоор онцгой уралдаан зохион байгуулж байна. Оросын шинжлэх ухаан, соёлын төв энэ уралдааныг өргөн сурталчилж, монголын олон иргэн үүнд оролцоно гэж найдаж байна.  Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Эдвин Рудентай хийсэн ярилцлагыг хүргэлээ.
<сонсох>