ОХУ-ын Төрийн Думын урилгаар Монгол улсын УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр өглөө Орос улсын нийслэлд хүрэлцэн ирлээ. УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийг москвагийн цагаар 12 цагт ОХУ-ын Төрийн Думын дарга Борис Грызлов хүлээн авч уулзав. Орос улсын парламентын доод танхимын дарга, Монгол улсын УИХ-ын дарга нарын яриа хэлэлцээний гол сэдэв хоёр талын хамтын ажиллагааны асуудал байна. Тэд хоёр орны хамтын ажиллагааны бүх салбарыг хамарсан асуудлыг хэлэлцэнэ Төрийн Думын хамгийн гоёмсог танхимын нэг “Орехово”-д Борис Грызлов монголын төлөөлөгчдийг элэгсэг дотно угтаж, ноён Д.Дэмбэрэлд хандан хэлэхдээ, Та УИХ-ын даргын хувиар Москва хотод анх удаа айлчилж байна. Парламент хоорондын хамтын ажиллагаатай холбоотой багагүй асуудлыг бид өнөөдөр хэлэлцэнэ гэж бодож байна. Орос-монголын харилцаа олон төлөвлөгөөт шинжтэй болохыг тэмдэглэе. Энэ харилцааг стратегийн түншлэл гэсэн хоёр үгээр тодорхойлох боломжтой. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев энэ оны 8-р сард Монгол улсад айлчлахдаа, орос-монголын харилцааны бүх асуудлаар хамгийн сүүлд дорвитой ярилцсаныг Борис Грызлов тэмдэглэв. Тэр үед маш чухал баримт бичиг болох ОХУ, Монгол улсын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх тунхаглалд гарын үсэг зурсан билээ. Оросын тал энэ баримт бичгийн зүйлд тулгуурлан Монгол улстай өнөөгийн харилцаагаа тогтоож байна. Цаашдын харилцаа ч үүнд тулгуурлана. Хамтарсан компани, хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны асуудалд дахин анхаарал хандуулахыг Борис Грызлов санал болгов. ОХУ-ын Төрийн Думын дарга хоёр орны хил болон бүс нутгийн хамтын ажиллагааны асуудалд онцгой анхаарал хандуулахыг монголын ажил нэгт нөхдөд санал болголоо. Орос, Монголын нийт бараа эргэлтийн 70 орчим хувь нь энэ бүс нутагт ноогддог. ОХУ-ын хил орчмын бүс нутаг, Монгол Улсын хооронд гарын үсэг зурсан бүх гэрээг биелүүлэх шаардлагатай байна гэж Борис Грызлов тэмдэглэв. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Москва хотод албан ёсоор айлчлахыг урисанд Төрийн Думын дарга Борис Грызловт талархаад, төмөр замд алан хядах ажиллагаа үйлдэсний уршаар “Невский экспресс” галт тэрэгний зорчигчид хохирсон, мөн Пермь хотын шөнийн клубт гарсан түймрийн улмаас олон хүн амь эрсдэсэн зэрэг сүүлийн үед Орос улсад тохиосон аймшигт эмгэнэлт үйл явдалтай холбоотойгоор оросын бүх ард түмэнд эмгэнэл илэрхийллээ. Одоогоор москвагийн цагаар 15 цаг 30 минутанд оросын парламентын дээд танхимд Холбооны зөвлөлийн дарга Сергей Миронов ноён Д.Дэмбэрэл тэргүүтэй УИХ-ын албан ёсны төлөөлөгчдийн гишүүдтэй уулзаж байна. Монголын парламентын гишүүд айлчлалын үеэр Орос улсын ерөнхий сайд В.Путинтай уулзана.
ОХУ-ын Төрийн Думаас хийсэн сурвалжлагыг хүргэлээ.