Пермь хотын “Доголон морь” клубт гарсан түймрийн хэрэгт сэжиглэж байгаа хүмүүсийн нэг Москва хотод нас барлаа. Клубыг түрээслэгч Александр Титлянов бямба гаригийн шөнө онц байдал гарах үеэр клубт байсан аж. Ноцтой их түлэгдсэн тул түүнийг Москвагийн эмнэлэгт хүргэсэн гэж Пермийн хязгаарын засаг захиргааны хэвлэлийн албанаас уламжлав. 47 настай бизнес эрхлэгч өнөөдөр нас барсан 3 дахь хүн бөгөөд түймэрт амь үрэгдсэн хүмүүсийн тоо 121 боллоо. Салют буудлагын техникийг ашиглах дүрэм зөрчсөнөөс түймэр гарсан гэсэн урьдчилсан мэдээ байна. Клубын гүйцэтгэх захирал Светлана Ефремова, захирлын үүрэг гүйцэтгэгч Олег Феткулов, клубыг хамтран эзэмшигчийн нэг Анатолий Зак, салют буудлагын техник үйлдвэрлэдэг компанийн захирал Сергей Дербенев нарт ял тулгаад байна. Одоогоор эмнэлэгт түймэрт хохирсон 111 хүн байна. Олонхийн биеийн байдал тун хүнд байна.