Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Пермид болсон эмгэнэлт үйл явдалд буруутай хүн бүрийг хариуцлагад татахыг шаардлаа. Тус хотын “Доголон морь” шөнийн клубт 12-р сарын 5-ны шөнө түймэр гарах үеэр 118 хүн амь насаа алдсан юм. Эмнэлэгт 116 хүн байгаагаас олонхийн биеийн байдал тун хүнд байна. Клубын байгууламжид салют буудлагын техникийг хууль бусаар ашигласнаас энэ хэрэг гарчээ. “Клубын эзэд болоод зугаа цэнгээний арга хэмжээг зохион байгуулагчид хариуцлагагүй өөдгүй этгээдүүд гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ улсын тэр дундаа холбооны байгууллагын үүргийг анхаарах хэрэгтэй” гэж Д.Медведев Ерөнхий прокурор Юрий Чайкатай уулзахдаа мэдэгдсэн юм. Шөнийн клубын эзэн дөрвөн хүнийг түймрийн хэрэгт буруутгаад байна. Тушаалыг нь биелүүлсэн эсэхийг хянадаггүй төрийн албан хаагчдыг ч ялгаагүй захиргааны болон эрүүгийн хариуцлагад татах ёстой гэж ерөнхийлөгч үзэж байна. Пермийн хязгаарын галын хяналтын газрын удирдлага, мөн хэд хэдэн түшмэдийг ажлаас халжээ.