81 насандаа нас нөгчсөн ЗХУ-ын ардын жүжигчин Вячеслав Тихоновтой өнөөдөр Москва хотод салах ёс гүйцэтгэж байна. Христосын аврагчийн сүмд үүрээр буян үйлдэж, Москвагийн кино ордонд иргэд түүнтэй салах ёс гүйцэтгэнэ. Түүнийг Новодевичийн оршуулгын газар нутаглуулна. Олон сая үзэгчдэд Вячеслав Тихонов жинхэнэ орос эр хүний үлгэр болон хоногшижээ. Юуны түрүүнд “Хаврын 17 учрал” киноны зөвлөлтийн тагнуулч Штирлиц-Исаевын дүрээр хүмүүс түүнийг танидаг. Тэрээр “Сурагчид” киноны Мельников багш, “Пеньковод болсон хэрэг” киноны идэр комбайнчин Матвей Морозов, “Дайн ба энх” киноны Андрей Болконскийн дүрийг үнэмшилтэй сайн бүтээсэн юм. Түүний өгөөрмөр сайхан төрх, тэвчээртэй зан чанар, хүнлэг, сайхан сэтгэл, дүрдээ орж, тоглодог зэрэг нь хүмүүсийн сэтгэлийг татсан билээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев, мөн ерөнхий сайд В.Путин, Москва болон бүх Оросын хамба Кирилл нар түүний ар гэр, ойр дотны хүмүүст эмгэнэл илэрхийлэв.