Пермь хотын зугаа цэнгээний клубт гарсан түймэрт 118 хүн амь насаа алдсан хэрэгт тус клубын захиргаа төдийгүй үүрэгт ажилдаа хайхрамжгүй хандан, гэмт хэрэг үйлдсэн төрийн албан хаагчид буруутай гэж В.Путин Пермь хотод шөнө хийсэн зөвлөлгөөний үеэр мэдэгдэв. Пермь хотод болсон энэ эмгэнэлт үйл явдлын шалтгаан бүхэл бүтэн цогц хүчин зүйлээс бүрдэж байна. Шөнийн клубын эзэд, зугаа цэнгээний арга хэмжээг зохион байгуулагчид бүрэн эрхийн хүрээнд ажлаагүй зэрэг юм. Мөн үүрэгт ажилдаа ёс төдий ханддаг төр засгийн байгууллагын төлөөлөгчдийн буруу ч энд багагүй харагдаж байна гэж В.Путин Онц байдлын яамны сайд Сергей Шойгу болон орон нутгийн засаг захиргааны төлөөлөгчдийн шөнийн клубт гарсан ослын шалтгааны талаарх илтгэлд дүн шинжилгээ хийсний эцэст ийнхүү мэдэгдэв.  Галын байцаагчид шалгалт хийж, дутагдлыг арилгах талаар заавар өгснөөс хойш жилийн дараа энэ объектод хэн ч ирээгүй байна. Өөрөөр хэлбэл дүүрэг, хот, хязгаарын Улсын галын албаны удирдлага дутагдлыг арилгасан эсэхийг шалгах ямар ч арга хэмжээ аваагүй байна. Үүнийг үүрэгт ажлаа цалгардуулсан гэхээс өөрөөр тодорхойлох аргагүй. Энэ бага хэрэг. Төрийн албан хаагчдын энэ назгар байдал бусад шалтгаантай байж ч болох юм. Бүх хувилбарыг мөрдөн шалгалтаар нарийн тогтоох ёстой. Ерөнхий сайдын дүгнэснээр төр засаг бизнесийн салбарын харилцаанд битүү тойрог үүсчээ. Хяналтын байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлэхийн хэрээр авилга ихэсч байна. Хэрэв хяналт суларвал бизнес эрхлэгчид хүний аюулгүй байдлыг хангахад хүртэл мөнгөө хэмнэж, хариуцлагаа сулруулж байна. Пермь хотод болсон энэ эмгэнэлт үйл явдал жигшүүртэй салан задгай байдал хэмээн ерөнхий сайд эгдүүцлээ.  Бизнесийн төлөөлөгчид зөрчиж болох бүхнийг зөрчжээ. Битүү байгууламжид ашиглахыг хориглоно гэж оросоор бичсэн салют буудлагын техникийг яагаад битүү байгууламжид ашигласан бэ?  Үүнтэй холбогдуулан В.Путин Захиргааны болон Эрүүгийн хуулинд галын аюулгүй байдлын дүрэм зөрчсөн төрийн албан хаагч, бизнес эрхлэгчдийн хариуцлагыг чангалах өөрчлөлт оруулахаар зэхэж байгаагаа мэдэгдэв. Одоогоор Пермь хотод болсон хэрэгт дөрвөн хүнийг сэжиглэн, мөрдөн шалгаж байна. Орос улсын Приволжийн холбооны тойргийн Пермийн хязгаарын төвд бямба гаригийн шөнө энэ эмгэнэлт хэрэг гарсан юм. “Доголон морь” шөнийн клубт корпорацийн үдэшлэг болох үеэр гал гарсан байна. Үүний улмаас 250 орчим хүн хохирсноос өнөөдрийн байдлаар 118 хүн нас барж, 60 орчим хүний биеийн байдал тун хүнд байна. ОХУ-ын засгийн газрын шийдвэрээр амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд 500 мянган рублийн материаллаг тусламж олгох юм. Үүнээс 100 мянган рублийг Пермийн хязгаар, үлдэснийг улсын төсвөөс гаргана. Түймэрт хохирсон хүмүүст улсын нөөцөөс 300 мянган рубль, мөн орон нутгийн засаг захиргаанаас 100 мянган рубль олгоно.