Барнаулын “Оросын экспидиц” аялагчдын клуб 2 жилийн сонирхолтой төсөл зохион байгуулжээ. Экспедицийн маршрут 60 мянган км. Тэд Санкт-Петербургээс Улаан-Үд, Монгол, Хятад, Балба, Казахстаны нутгаар аялсан юм. Аялагчид өнгөрсөн жил Санкт-Петербург хотоос Байгал нуур хүрээд, Казахстан, Балбад очжээ. Экспидицид оролцогчид энэ жил Уулын Алтай, Шавлины нуур, Говь, Төвдийн нутгаар аялсан байна. Барнаулын аялагчид нутагтаа ирээд удаагүй байна. Экспидицийн дарга, зохион байгуулагч Александр Пермяков манай сурвалжлагч Ольга Ивановад ийнхүү ярьсан юм. Эх орны болон хөрш орны алдартай түүхэн дурсгалт зүйлүүд, Евразийн түүх, соёл, байгалийн гайхалтай объекттай танилцахад манай экспидицийн үндсэн зорилт оршиж байна. Өрнөдийн хүмүүс бидэнд тэр бүр ойлгомжтой байдаггүй дорнын соёлын онцлогыг нээхээр бид энэ жил Монгол, Хятадын нутгаар аялсан. Бусад соёлд тэвчээртэй хандахад түлхэц болох, Орос, Монгол, Хятадын ард түмний соёлын харилцааг өргөжүүлэх, дэлхий ертөнцийг танин мэдэхийг эрмэлзэх, идэвхтэй амралт, амьдралыг дэлгэрүүлэх нь бидний зорилт билээ хэмээн экспидицийн дарга, зохион байгуулагч Александр Пермяков ярив. Экспидицид оролцогчид микро автобус, жип машин, морь, нисэх онгоц, тэмээ, явган зэрэг янз бүрээр аялсан. Тэд 28 мянган км зам туулсан. Монголын Говийн хүн цөөхөн очдог газраар аялсан. Бага газрын чулуу уулын шил, Дэлгэрхангай уул, үлэг гүрвэлийн булш, Гурван сайхан үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Монголын эртний нийслэл Хархорин, хуучны бусад хотоор аялсан. Цаг хугацаа өнгөрөх тусам соёлын олон түүхэн дурсгал, байгалийн үзэсгэлэнт газар өөрчлөгдөх буюу устаж байна. Аялагчид энэ бүхнийг үзэж, судлаад, үүнийг харж чадаагүй хүмүүст дамжуулах юм. Тухайлбал Ёлын амын хэдэн зуун жил тогтсон мөс хайлж, эртний сүмүүдийн нэг байдаг арлын нуур ширгэсэн тул бараг газартай тэгширсэн байна. Алагчид Говийн хамгийн өндөр манхан Хонгорын элсэнд очсон. Салхины аясаар элсний олон ширхэг нүүдэллэж, уйлах, хуцах, цохих, исгэрэх зэрэг янз бүрийн дуу авиа гаргаж, манхан үнэхээр “дуулах” мэт сэтгэгдэл төрнө. Үнэхээр гайхалтай! Төвдөд агаарын температур эрс өөрчлөгдөж, сийрэг салхитай уур амьсгалд, далайн түвшнээс 4-5 км гаруй өндөрт голдуу аялсан. Аялагчид зам сайн туулсан. Тэнгэр цэлмэг, цаг агаар ч сайхан байсан. Зэрлэн ан амьтан хүнд дөхөж, гэрэл зурагчдыг гайхшруулсан. Хөрш орны соёлд нэвтрэхийн сацуу Монгол, Хятадын нутгаас язгуур урлагийн материал цуглуулж, хээрийн угсаатны зүйн судалгаа хийсэн гэж экспидицийн дарга, зохион байгуулагч Александр Пермяков ярьж байна.
Монголын нутагт танд хамгийн их таалагдсан зүйл юу вэ?
Монгол улсад бид Халх голын ялалтын 70 жилийн ойд зориулсан баярын арга хэмжээнд оролцсон. Халх голын дайны баатарууд, ахмад дайчдад хүндэтгэл үзүүлсэнд их сэтгэл хөдөлсөн. Хойч үеийн аз жаргал, ялалтын төлөө мөр зэрэгцэн дайтаж явсан, орь залуу насаа хэдийн туулсан ч, эр зоригтой ахмад дайчдын дэргэд зогсоход тэднээр бахархаж, талархах сэтгэл төрж байлаа. Энэ үнэхээр орос-монголын ард түмний баяр. Монгол, оросын ард түмэн монгол, орос дууны нэг бадгийг оросоор, нөгөөг монголоор хамтдаа дуулж байсан. Сэтгэл их хөдөлсөн! Бүх арга хэмжээг гайхалтай, маш сайхан зохион байгуулсан. Монголын өнгө будаг хосолсон байдалд сэтгэл их хөдөлсөн.
Та бүхэн цуглуулсан материалаа хэрхэх вэ?
Нэгдүгээрт бид манай түнш “Нэшнл жеографик Россия”, “Нэшнл Жеографик Трэвэлэр”, “Деловой мир Китай-Россия” сэтгүүл, “Реклама-шанс” сонинд олон нийтлэл хэвлүүлэх бодолтой байна. Үүнээс гадна бид хиймэл дагуулын болон төв телевизийн сувгаар Евразийн сонирхолтой газар, экспидицид тохиолдсон адал явдлын талаар бүрэн хэмжээний киног эвлүүлэн гаргана. Москва, Санкт-Петербург, Самар, Казани, Екатеринбург, Новосибирск, Тюмень, Барнаул зэрэг Оросын 8 хотод гэрэл зургийн үзэсгэлэн гаргана. Бид Оросын угсаатны зүйн музей, Оросын гэрэл зургийн музейд үзмэр бэлдсэн. Москва, Санкт-Петербург, Томск хотод болох наадмын үеэр экспидицийн ажлын талаар өгүүлнэ. Үүнээс гадна аялалын тухай Евразийн ард түмний зүйр цэцэн үгийн толь бичиг хэвлүүлэхээр бэлтгэж байна. Хоёр жил судалгаа хийхэд их материал цугласан. Төлөвлөгөө, ажил ч их байна.
Та бүхэн Монгол, Төвдөд аялсан экспидицийн дарга Александр Пермяковтой хийсэн ярилцлагыг сонслоо.