Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Пермь хотод эмгэнэлт үйл явдал тохиолдсонтой холбогдуулан 12-р сарын 7-ны өдрийг Орос улсад гашуудлын өдрөөр зарлах зарлигт гарын үсэг зурав. Төрийн тэргүүний хэвлэлийн алба энэ тухай уламжлав. Ерөнхийлөгч амь эрсэдсэн хүмүүсийн ар гэр, ойр дотныхонд эмгэнэл илэрхийлж, 2009 оны 12-р сарын 7-ны өдрийг ОХУ-д гашуудлын өдрөөр зарлалаа. Гашуудлын өдөр улсын нийт нутаг дэвсгэрт ОХУ-ын Төрийн далбааг бөхийлгөнө. Телевиз радио компани, соёлын байгууллагууд гашуудлын өдөр цэнгээнт нэвтрүүлэг, арга хэмжээг хойшлуулна. Ерөнхийлөгч Пермийн хязгаарын улсын байгууллагатай хамтран түймэрт амь үрэгдэж, хохирсон хүмүүсийн ар гэрийнхэнд туслах шаардлагатай арга хэмжээ авахыг Засгийн газарт үүрэг болгов.