Оросын европын хэсгийн зүүн хэсэг, Уралын нуруунд орших Пермь хотын шөнийн клубт гарсан түймэрт 100 гаруй хүн амь насаа алджээ. Эмнэлэгт 130 гаруй хүн хүргэснээс олонхийн биеийн байдал тун хүнд байна. Одоогоор албан ёсны мэдээлэл ийм байна.  Энэ бүх хүн ажлын долоо хоногийн эцэст чөлөөт цагаа ая тухтай өнгөрөхөөр баасан гаригийн үдэш хотын төвийн клубт цуглажээ. Зугаа цэнгээний “Доголон морь” клуб хүнээр тасардаггүй. Баасан гаригийн энэ үдэш онцгой хөтөлбөрөөр клуб байгуулагдсаны ойг  тэмдэглэж байжээ. Энэ баярыг тохиолдуулан тайзыг шинэчлэн засч, нэмж тайз гэрэлтүүлэгч, мөн салют буудуулах төхөөрөг суурилуулжээ. Гэрчүүдийн ярьснаас үүнээс болж түймэр гарсан байна. Гал авалцах материал дүүрэн, давчуу танхимд гал түргэн зуур дүрэлзэн асчээ. Тэр үед клубт дор хаяж 250 хүн байсан аж. Тэнд байсан хүмүүс хоёр нарийхан хаалгаар гарахыг оролдсон байна. Хүмүүс хаалгаар гарах гэж чихцэлдэн, үймэн сандарчээ. Эцсийн дүнд хүмүүс түлэгдэж, угаартан амь насаа алдсан байна. Хаалганд ойрхон байсан хүмүүс азаар амьд гарчээ. Олонх нь гал дүрэлзэн шатаж байсан байрнаас өөрсдөө гарч чадаагүй байна. Галынхан дуудлага хүлээж авснаас хойш 3 минутын дараа ослын газар иржээ. Онц байдлын яамны ажилтнууд гал түймэр унтараахын зэрэгцээ хүмүүсгийг гаргаж байлаа. Гал түймэрт өртсөн хүмүүсийг эмнэлэгт шуурхай хүргэсэн. Хохирсон хүмүүст шаардлагатай бүх эмчилгээ хийж байна гэж Пермийн хязгаарын Эрүүл мэндийн сайд Дмитрий Тришкин мэдэгдэв. Одоогоор эмнэлэгт 130 гаруй хүн байна. Эмнэлгийн шаардлагатай бүх арга хэмжээ авч байгаа. Эм бэлдмэл хангалттай. Цусан бэлмэл ойрын өдрүүдэд хангалттай хүрнэ. Пермь хотод түймэрт өртсөн хүмүүст туслахаар эмнэлгийн тоног төхөөрөмж хүргэж, мэргэжлийн эмч, сэтгэл зүйчид иржээ. Ерөнхийлөгч Д.Медведев хэргийг сонссоны дараа ослын үр дагаврыг арилгаж, шалтгааныг мөрдөн шалгах засгийн газрын тусгай комисс байгуулах үүрэг өгсөн. Гал түймэр гарсан газрыг хааж, Улсын галын хяналтын газрын байцаагч, мөрдөн шалгах байгууллагын төлөөлөгчид дотор нь ажиллаж байна. Ослын шалтгааны үндсэн хувилбар галын аюулгүй байдлын дүрэм зөрчсөн байна гэж Пермийн хязгаарын олон нийтийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд Игорь Орлов мэдэгдэв. Холбооны Аюулаас хамгаалах албаны Дэлбэрэх техникийн хэрэгслийн газар, Галын хяналтын газрын өгсөн анхны шатны мэдээгээр ямар нэг дэлбэрэлт болоогүй байна. Ослын шалтгаан гал түймэр. ОХУ-ын Ерөнхий прокурор Юрий Чайка ослын мөрдөн шалгалтын явцыг өөрөө хянаж байна.