“В.Путинтай ярилцах. Үргэлжлэл” телевизийн шууд эфирээр орос улсын ерөнхий сайд өнгөрсөн зун очсон Ленинград мужийн Пикалево хотын телевиз үзэгчдийн асуултанд хариуллаа. Пикалево засаг захиргааны төв болон Ленинград мужийн Бокситогорскийн засаг захиргааны цорын ганц суурин энэ хот Санкт-Петербургээс зүүн зүгт 246 километрт оршдог. Нийт 22,2 мянган хүн амтай. Тус хот “Базэл Цемент-Пикалево”, “Пикалевский цемент”, “Метахим” зэрэг гурван байгууллагын үйл ажиллагаанд тогтдог. “Базэл Цемент-Пикалево” компани түүхий эд нийлүүлэхээ больсны дараа “Пикалевский цемент”, “Метахим” компанийн үйл ажиллагаа зогсож, 2008 оны намар хотын нийгэм-эдийн засгийн байдал дордсон юм. Хотын дулаан, халуун усны 70 орчим хувийг хангадаг дулааны цахилгаан станц хийн төлбөрийн өрөнд орсон тул үйл ажиллагаа нь зогсчээ. Үүний улмаас 2009 оны эхэнд хотын оршин суугчид гурван ч удаа эсэргүүцлийн жагсаал хийсэн байна. Тэд эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг зэрэг нийгмийн байгууллагын дулаанаар хангахыг шаардаж, Новая Ладога-Вологода замыг хаасан юм. Ерөнхий сайд В.Путин 6-р сарын 4-нд Пикалевод зөвлөлгөөн хийхдээ, Пикалево хотод тулгарч байгаа бэрхшээл хөнгөн цагааны үнэ унасантай холбоотой төдийгүй “талхнаас үзмийг нь түүж авахтай адил орлого олдог үйлдвэрлэлийн нэгдсэн гинжийг тасалжээ” хэмээн мэдэгдсэн юм. “Эздүүд үйлдвэрлэлийг цогцоор шинэчлэх ажиллагаа явуулахын оронд хэрэлдэж, маргалдлаа” гэж ерөнхий сайд засгийн газар, Ленинград мужийн засаг захиргааны гишүүд, мөн эздүүдэд хандан хэлсэн байна. Пикалевын нэгдсэн цогцолборын ажиллагааг сэргээх ёстой гэж В.Путин тэмдэглэсэн юм. “Хэрэв та бүгд тохиролцож чадахгүй бол та нарын оролцоогүй энэ бүхнийг шийдэхдээ шийдэнэ” гэж тэр компанийн эздүүдэд хандан хэлсэн юм. “Базэл Цемент-Пикалево” үйлдвэрийн бүх ажилтны 3,4,5-р сарын цалингийн өрийг барагдуулсан тухай хотын дарга Сергей Вебер 6-р сарын 8-нд мэдэгдсэн юм. Дулааны цахилгаан станц зогссоны уршгаар хаасан халуун усыг сэргээж, “Петербургрегионгаз” компани байгалийн хий нийлүүлж, ДЦС-ын ажилчин албан хаагчдын цалингийн өрийг барагдуулж, мужийн төсөвт нийт дүнгээр 22 сая рубль оруулжээ. Ленинград мужийн засаг захиргаа хотын орон сууцыг халуун усаар баталгаатай хангах Орос улсын засгийн газрын тэргүүн В.Путины даалгаврыг биелүүлж эхэлжээ. Пикалевын оршин суугчид ерөнхий сайдын авсан арга хэмжээнд талархаад, ямар нэг бэрхшээлтэй асуудал үүсвэл түүнийг Пикалевт дахин ирэхийг хүлээх үү? хэмээн асуужээ. Асуудлыг шийдэх энэ аргыг В.Путин “гар ажиллагаатай удирдлага” хэмээн нэрлэлээ. Амьдрал нь ганц хоёр байгууллага дээр тогтдог хэмээн Пикалев хотыг нэрлэх болсны дараа оросын хэдэн зуун хотын нэгд айлчилсан гэж В.Путин сануулав. “Тэр үеийн нийгмийн уур амьсгалыг санах хэрэгтэй” гэж ерөнхий сайд хэллээ. Тэр үед байдал их хурцадсан байсан. Удирдах шатны бүх хүн энэ байдлыг мэдрэхгүй байх шиг надад санагдсан. Нийгэм болоод бүх шатны удирдлага нөхцөл байдлын хариуцлагыг үүрэх ёстой гэдгийг хэлэх нь зөв гэж би үзсэн. Бид бүгдийг мэдэнэ, бэрхшээлтэй асуудал аяндаа шийдэгдэнэ гэж үзэх нь алсын хараагүй хэрэг байсан. Дахин айлчлах тухайд В.Путин хариулахдаа, “Шаардлагатай бол Оросын дурын цэгт очино. Гэхдээ миний бодлоор ийм шаардлага алга” гэв. “Пикалевод 2010 он хүртэл урт хугацааны гэрээ байгуулах нь чухал” гэж В.Путин тайлбарлаллаа. Надад ирсэн мэдээллээр ийм гэрээг ойрын хугацаанд байгуулна. Тэгвэл байгууллагын бүх ажилтнуудын санаа амарна. Төр засаг “гар ажиллагатай удирдлагаар” ажиллах нь буруу хэмээн төрийн тэргүүн тэмдэглэллээ. “Суурь шинжтэй өөр арга зам хайх хэрэгтэй” гэж В.Путин хэлэв.