ОХУ ДХБ-д элсэхэд АНУ зэрэг зарим орон саад болж байгаа мэт сэтгэгдэл Москвад төрж байна гэж ОХУ-ын ерөнхий сайд В.Путин телевизийн шууд нэвтрүүлгээр оросын иргэдийн асуултанд хариулахдаа ийнхүү мэдэгдэв. “Орос улс ДХБ-д элсэхэд АНУ зэрэг зарим улс саад болж байгаа мэт сэтгэгдэл бидэнд /Орос улс/ төрж байна” гэж тэр хэллээ. Гаалийн холбоонд /Орос, Казахстан, Белорус/ оролцогч орон ДХБ-д хамтдаа, эсвэл бие биенийхээ ашиг сонирхолыг харгалзан тусдаа элсэх боломжтой гэж ерөнхий сайд тэмдэглэв. “Хуучин зөвлөлтийн орон зайд интеграцчилагдах нь бидний тэргүүн зэргийн зорилт учраас Орос, Казахстан, Белорус зэрэг улс Гаалийн холбоо байгуулж байгаад бид баяртай байна” гэж тэр нэмж хэлсэн юм. “Гаалийн холбоо байгуулагдсаны дараа шинэ чанартай болно. Бид Гаалийн холбоогоор эсвэл тус холбооны түншүүдтэй бүх байр сууриа уялдуулж, маш үр нөлөөтэй, гүн гүнзгий зөвлөлдөж, дангаараа ДХБ-д элсэх ёстой. Орос, Казахстан, Белорус улсад энэ үйл явц үргэлжилнэ.” гэж В.Путин хэллээ.