Улс орныг давшингуй хөгжүүлэхэд эрчим хүчний салбар түргэвчилсэн хурдаар өсөх ёстой гэж ерөнхий сайд В.Путин хэлж байна. Эдийн засаг сэргэж эхлэхэд эрчим хүчний салбар хоцорч болохгүй гэж В.Путин оросын ард түмэнтэй телевизээр “шууд ярилцахдаа” мэдэгдэв. Өнгөрсөн 10 жил 13 мянган мегаватт хүчин чадалтай цахилгаан станц барьсан бол ирэх 2 жил 10 мянган мегаватт хүчин чадалтай цахилгаан станцыг ашиглалтад оруулна. “Энэ маш том төлөвлөгөө ч, хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэж В.Путин тэмдэглэв. Сибирийн Саяно-Шушены усан цахилгаан станцад саяхан гарсан осол эрчим хүчний объектод давтагдахаас цаашид сэргийлэхийн тулд “Ростехнадзор” байгууллагын хяналтын үүргийг өргөжүүлэх боломжийг Орос улсын засгийн газар хэлэлцэж байгаа тухай В.Путин мэдэгдлээ. Ослын улмаас хохирсон усан цахилгаан станцын бүх ажилтныг ажлын байраар хангана гэж ерөнхий сайд тэмдэглэв. Саяно-Шушений усан цахилгаан станцад гарсан осолд хохирч, амь үрэгдсэн хүмүүсийн үр хүүхдийг “гарыг нь ганзаганд” хүргэхэд төр засаг шаардлагатай бүхнийг хийнэ. “Үүнд зовних ёсгүй” гэж ерөнхий сайд тэмдэглэв. “Оросын дуу хоолой” радио компани иргэд, В.Путины ярилцлагыг орос хэлээр, мөн англиар зэрэгцэн орчуулж, шууд дамжуулж байна. Засгийн газрын тэргүүн ярилцлагадаа хөндсөн бүх асуудлыг “Оросын дуу хоолой” радиогийн вэб хуудсын мэдээ хэсэгт байрлуулж байна. Мөн вэб хуудсаас ярилцлагын орос, англи хэл дээрх дүрс бичлэгийг үзэх боломжтой.