0Орос улс терроризмыг ялан дийлэхэд их зүйл хийсэн ч, энэ аюул заналыг бүрмөсөн устгаж чадаагүй байна гэж В.Путин “шууд ярилцлага”-ын үеэр тавьсан асуултанд хариуллаа. “Невский экспресс” хурдны галт тэргийг дэлбэлсний уршгаар 26 хүн үрэгдэж, 95 хүн гэмтэж бэртсэн саяхны үйл явдалтай холбогдуулан энэ сэдвийг хамгийн түрүүнд хөндлөө. Терроризм олон оронд тулгамдсан асуудал байна гэж В.Путин хэлсэн юм. Орос улс ялангуяа 1990-ээд оны дунд үе 2000 оны эхэн үед терроризмд хохирсон орны нэг болсон. Ерөнхий сайд террорист алан хядах ажиллагаанд хатуу хариу арга хэмжээ авахыг хууль сахиулах байгууллагад уриалсан юм. Тэрээр эдийн засгийн асуудлын тухайд дэлхийн эдийн засагт бэрх үзэгдэл байгаа ч, хямарлын оргил үеийг даван туулсан гэж мэдэгдэв. Орос улсад ДНБ энэ жил 8,5 хувиар, аж үйлдвэрлэл 13 хувиар буурна. Орос улсад инфляц 9 орчим хувьтай байна. Хямарлыг үл харгалзан Орос улс хүн амын бодит орлогыг бараг өнгөрсөн жилийн түвшинд хадгалж чадсан гэж ерөнхий сайд мэдэгдэв. Түүний хэлснээр хөдөө аж ахуйн өсөлт энэ жил 0,5 хувь, харин бие даасан салбар тухайлбал мал аж ахуйн салбарт 10 гаруй хувьтай байна. Орос улсад төрөлт буурах бус үргэжлэн өсч байна. Оны төгсгөлд өсөлт 3 хувиас давна гэж В.Путин мэдэгдэв. Үүний зэрэгцээ үхэл хорогдол буурч байна. Орос улсын хүн ам зүйн өсөлтөөс үүдэн хүмүүс улс орны нааштай хөгжилд итгэж байгааг харуулж байна. Энэ байдал өнөөгийн нөхцөлд нэн чухал, хамгийн их ач холбогдолтой гэж В.Путин тэмдэглэлээ. Шууд ярилцлагад 1,6 сая асуулт ирсэн байна. Иргэд телевизийн шууд ярилцлагын үеэр ч, асуулт тавилаа. Орос улсын 8 хотод телевизийн хөдөлгөөнт станц байрлуулжээ.